Монголын хөлбөмбөгийн холбоо 2016 оноос Унгар улсын Пушкаш хөлбөмбөгийн академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр өсөх ирээдүйтэй шилдэг тоглогчдыг сургадаг. Өнгөрсөн хугацаанд Монголоос 12 тамирчин алдарт Френц Пушкашийн нэрэмжит академид суралцсан. Тэднээс Г.Ганбаяр Европын хөлбөмбөгийн мэргэжлийн багтай гэрээ байгуулж, Словак улсын нэгдүгээр лигт тоглож байгаа. Энэ удаа “Дэрэн” клубийн тамирчин Н.Ананд, Дорнод аймгийн харьяат Г.Оюунбадрах нар Унгар улсыг зорих юм. Монголын хөлбөмбөгийн холбоо тэдэнтэй болон асран хамгаалагч нартай нь гэрээ байгууллаа. Сонгон шалгаруулалтад 80 тоглогч оролцсоноос тус холбооны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд техник, ур чадвар, дасгал ойлгож буй байдлыг нь харгалзан Н.Ананд, Г.Оюунбадрах нарыг сонгожээ. Тэд тус академид суралцах 13, 14 дэх тамирчин болж байна.