Катарын Доха хотод энэ сарын 1-19-нд зохион байгуулж буй снүүкер биллиардын сонирхогчдын ДАШТ-тэй зэрэгцээд Азийн АШТ болж буй. Эдгээрт Монголын тамирчид өрсөлдсөнөөс ОУХМ Б.Нарантуяа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв. Тэрбээр ДАШТ-д энэ сарын 1-нд Германы Д.Стейтчни, Тайландын Н.Вангхару, 2-нд Саудын Арабын Н.Алнайми, Энэтхэгийн Варша Санжеев нарыг ялсан. Гэсэн ч дараагийн шатанд ялагдаж, медалийн төлөө өрсөлдөх эрхгүй болсон юм. Харин энэ сарын 3-нд Азийн АШТ-д Ираны Мелика Нажафи, Хонконгийн Еэ Ки Хо нарыг буулган авч шигшээ наймд шалгарсан юм. Улмаар манай тамирчин эхний фреймд найман оноогоор хожигдсон ч дараагийнхад нь дараалж ялснаар Азийн АШТ-ий хүрэл медалийн болзол хангав. УАШТ-д 10 удаа түрүүлсэн түүний хувьд энэ удаагийн шагнал олон улсын тэмцээнээс гардсан гурав дахь медаль нь юм. Тэрбээр өмнө нь 2017 онд Тайландын Тайбэй хотод болсон “Summer universiade” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгө, хос төрөлд хүрэл медаль хүртэж байжээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг