Украин руу ОХУ халдан довтолсноос үүдсэн дэлхийн улс орнуудын төрөл бүрийн хориг арга хэмжээ улс төр, эдийн засгийн хүрээллээс хальж, спортын салбарт ч нөлөөлж эхлэв. Эдгээр нь ОХУ-ын баг, тамирчдад ямархуу нөлөө үзүүлж буйг сагсан бөмбөгийн спортоор жишээ болгон танилцуулъя.
ЕВРОЛИГ АРГАГҮЙН ЭРХЭД ШИЙДВЭРЭЭ ЗАРЛАВ
Оросын багууд сагсан бөмбөгийн Евролигт тун нэр нөлөөтэй. Тэд тус лигийг чимдгээс гадна санхүүгийн хувьд “Норникель”, “Газпром”, “АК Барс банк” нь үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тиймээс Евролигийн хувьд спортын бусад байгууллагатай харьцуулахад Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь хэцүү гэж үзэж болно.
Харин багууд хувь хувьдаа хориг авч эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногт “Барселона” Санкт-Петербургт айлчлан тоглохоос татгалзсан, Т.Паркер багаа ямар ч тохиолдолд “Зенит”-тэй тоглуулахгүй гэж мэдэгдсэн зэргээс харагдсан. Бусад баг Орост бус, дундын бүсэд тоглох сонирхлоо илэрхийлж байлаа. Гэвч өнгөрсөн даваа гаргаас эхлэн Европын Холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа ашиглуулахгүй байх шийдвэр гаргаснаар дундын бүсэд ч тоглох боломжгүй болсон юм. Улмаар Евролиг Оросын багуудын эсрэг хориг тавьж буйгаа эцсийн эцэст зарлахаас өөр аргагүй болов. Энэ талаар лигийн комиссар Ж.Бертомеу “Украинд болж буй аймшигтай явдалд бид цочирдон харамсаж байна. Евролигийн багууд нь төлөөлж буй улс, хоттойгоо гүн гүнзгий холбоотой байдаг. Өнөөдөр болж буй ийм нөхцөл байдалд бид тэдгээр хүнийг дэмжиж, тэдний хүсэлтийг илэрхийлэх ёстой. Спорт бол улс төр биш. Улс төр ч спорттой холилдох ёсгүй. Гэхдээ олон гэмгүй хүн хэлмэгдэж буй нийгмийн ийм аймшигтай үйл явдлыг бид зүгээр хараад сууж чадахгүй. Бид Оросын багууд, удирдлага болон ажилтнуудыг нь болж буй үйл явдалд огтхон ч буруутгахгүй. Гэвч нөхцөл байдал хурцадсан тул Оросын багуудыг лигийн тэмцээнд оролцохыг нь хориглохоос өөр арга үлдсэнгүй. Нөхцөл байдал аль болох хурдан сайжирна гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Ингэснээр тус лиг цөөнгүй ивээн тэтгэгч, олон жилийн турш босгосон тэмцээний форматаа алдаж байна. Гэхдээ хамгийн их хохирч буй нь Оросын багууд.
Й.МИКЛОВАСЫН ТААМАГ
Литвийн сэтгүүлч Й.Микловас хоёрдугаар сарын 25-нд “Уг явдалд дэлхий нийтийн үзүүлж буй хариу үйлдлийг авч үзвэл Оросын багууд улирал дуустал Евролигт тоглож чадахгүй” гэж таамагласан. Түүний таамаг зөв байсныг цаг хугацаа харууллаа. Тэрбээр өчигдөр харин өөр нэг таамгийг дэвшүүлжээ. “Харамсалтай нь бид ЦСКА багийг сүүлийн 20 жилд байсан шиг нь хүчирхэг болохыг дахин хэзээ ч харахгүй. Оросын багуудтай бид олон жилээр салах ёс хийх байх” гэж тэрбээр өгүүлсэн байна. Харин эл таамаг нь зөв, эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Гэхдээ Оросын сагсан бөмбөгийн байдал үнэхээр эвгүй боллоо.
Оросын дээд лигээс “Зелена Гура”, “Калев” баг хасагдсан. Өдгөө лигт тавдугаар байрт бичигдэж буй “Парма”-гийн литва дасгалжуулагч нар ажлаа орхисон. Тоглогч сонголт, багийн хөгжил хариуцсан “Локомотив-Кубань”-ийн дэд ерөнхийлөгч Г.Руткаускас багаа орхив. Эдгээрээс гадна топ багууд нь ч гол тоглогчдоо алдаж эхэлсэн.
“Зенит”-ээс Ж.Ллойд, Т.Картер, К.Фрэнкэмп, М.Кузминскас, А.Гудайтис нар явж байгаа аж. Баг нь ч гадаад тоглогчдоо явахыг зөвшөөрчээ. Хэрэв тэд явбал “Зенит”-ийн гараанд Кулагин, Захаров, Карасев, Зубков, Пушков гарч, нөөцөд нь залуучуудын багийнх нь тоглогчид үлдэх нь.
Оросын төдийгүй Европын шилдэг багийн нэг ЦСКА-г Т.Шенгелия, Ж.Боломбой, И.Лундберг, Й.Фойгтманн, М.Григонис, К.Пангос орхиод байгаа. Тэдний араас Д.Хэкетт, У.Клайберн, ерөнхий дасгалжуулагч Д.Итудис явж магадгүй. Одоогоор тус багийн бүрэлдэхүүнд Швед, Хэкетт, Курбанов, Клайберн, Милутинов нар гараанд, харин сэлгээнд Хоменко, Фримэн, УховАнтонов, Ивлев нар үлдэж байна. Дээд лигийн өөр нэг топ баг болох УНИКС-ээс хэн хэн явсан талаар мэдээлэл хараахан алга. Ийнхүү Оросын багууд Европт тоглох эрх, гадаад тоглогчдоо бүрмөсөн алдлаа. Санхүүгийн хувьд ямархуу сөрөг нөлөө үзүүлэхийг одоогоор нарийн тооцоход бэрх. Гэхдээ Европын хамгийн баян сагсан бөмбөгийн багуудын нэг ЦСКА “Шилдэг дөрөв”-т шалгардаг байсан үе түүх болох нь. Дайн эхлээд тав хоноход л Оросын сагсан бөмбөг ийнхүү үлэмж гарз амслаа.
БУСАД ХОРИГ
ОХУ, Беларусийг 2023 оны шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-д оролцохыг түдгэлзүүлэв. Мөн дараагийн мэдэгдэл гарах хүртэл тус хоёр улсын шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гарчээ.
Олон улсын тулааны урлагийн холбоо (IMMAF) Оросын холимог тулааны холбоо, Гардан тулааны холбоо, Беларусийн Тулааны урлагийн холбоог гишүүнчлэлээсээ хасав.
Олон улсын биатлоны холбоо ОХУ, Беларусийн тамирчдыг өөрийн зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцохыг нь хориглолоо.
Олон улсын туялзуур сэлмийн холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын олигархи А.Усманов албан тушаалаасаа буулаа.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо ОХУ, Беларусийн тамирчдыг ойрын хугацаанд болох бүх тэмцээнд оролцохыг хориглов. Ингэснээр эл хоёр улсын тамирчид ирэх сард Серби улсад болох танхимын ДАШТ-д оролцох эрхгүй болов.
ОХУ-ын тэрбумтан В.Лысиний тэргүүлдэг Олон улсын буудлага спортын холбоо ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглов.
Олон улсын тэшүүрийн холбоо, Олон улсын цанын холбоо, Дэлхийн бэйсбол, софтболын холбоо, Дэлхийн бадминтоны холбоо, Дэлхийн пентатлоны холбоо, Олон улсын каноэ завины холбоо, Дэлхийн триатлоны холбоо, Олон улсын ширээний теннисний холбоо мөн ижил шийдвэр гаргаад байна.
Олон улсын дугуйн холбоо ОХУ, Беларусийн баг, ивээн тэтгэгчдэд хориг тавьсан ч дугуйчдыг нь дундын статустай тэмцээн, уралдаанд оролцохыг нь зөвшөөрчээ.
АНУ-ын Бирмингэм хотод ирэх долдугаар сарын 7-17-нд болох Дэлхийн наадамд ОХУ, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй байхаар шийдвэрлэснээ Зохион байгуулах хорооноос нь мэдэгдэв.
Харин ОХУ-ын тамирчид чөлөөт бөхийн Европын насанд хүрэгчид, залуучуудын АШТ, таеквондо (зөвхөн ирэх саруудад болох тэмцээнүүд), бэнди (зөвхөн эмэгтэйчүүдийн ДАШТ)-гийн тэмцээнд оролцохоос сайн дураараа татгалзжээ.
Бэлтгэсэн Н.Энх