Монголын цанын холбоо, Швейцарын цанын холбоотой хамтарч ажиллаад багагүй хугацааг үдэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай тамирчид тус улсын Лэнцерхайд, Давос, Сант-Морис хотод нутгийнх нь дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаадаг. Тухайлбал, “Бээжин-2022” өвлийн олимпын үеэр тус холбооны гүйлтийн цана хариуцсан захирал Хипполит Кемпф, тосолгооны багийн ахлах Рожер Вахс, залуучуудын багийн дасгалжуулагч Марко Исэнсшмит болон техникийн ажилтнууд Монголын цаначдын бэлтгэлийн хуваарийг гаргаж, зөвлөгөө өгсөн. Тэгвэл Монголын цанын холбоо, Швейцарын цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэл хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Үүний хүрээнд тамирчдаа мэргэжлийн түвшинд бэлтгэж, цанын спорт өндөр хөгжсөн орны багтай хамтарсан бэлтгэл хийлгэх юм.