АНЭУ-ын Дубай хотод өчигдөр өндөрлөсөн пара байт харвааны ДАШТ-д Монголоос дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад дөрвөн тамирчин оролцов. Эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар урьдчилсан харваанд 1043 оноогоор тавдугаар байрт шалгарч, шигшээд Туркийн багийг 5:4-өөр илүүрхэж, хагас шигшээд ОХУ-ынхад 6:0-ээр хожигдсон. Хүрэл медалийн төлөө Энэтхэгийн багийнхныг 5:1-ээр буулган авснаар тэд Монголын пара байт харвааны түүхэнд дэлхийн аваргаас анхны медалийг эх орондоо авчирлаа. Байт харваатай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Ханжоу-2022” Азийн XIX наадмыг ирэх есдүгээр сарын 10- 25-нд зохион байгуулна. Тус наадмын байт харвааны рекурв, компаундын төрөлд болон ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэйчүүд, холимог багийн харваанд өрсөлдөх багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг тавдугаар сарын 25-27-нд зохион байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн Г.Бат