АНУ дахь тусгай сурвалжлагч
Өвлийн олимпын XXIV наадмын сүүлчийн өдөр “Бээжин-2022” түүх болон үлдэж, дурсамж болон өндөрлөж байна. Урьд өмнөх бүхий л олимпын адил дуулиантай, шуугиантай, шинэ баатруудтай, дэлхий, олимпын дээд амжилттай болдгоороо л боллоо. Хэдийгээр цар тахлын үе ч гэлээ цагаан олимп амжилттай болж, спорт сонирхогчдод баяр баясгалан, аз жаргал авчирсан. Өвлийн олимпын спортын төрлүүдээс хоккей, уран гулгалт, гүйлтийн цана, тэшүүр, биатлон, шорт-трекийг үзэгчид илүү шимтэн үздэг билээ.
УРАН ГУЛГАЛТ
Үзэгчдийн хамгийн их сонирхдог, үздэг төрлийн нэг. Аргагүй ээ, спорт, урлаг хосолсон, тансаг төрөл. Олимпын хөтөлбөрт уран гулгалтынхан таван төрөлд медалийн төлөө өрсөлддөг юм. Багийн, бүжгийн хос,спортын хос, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл гээд.
“Бээжин-2022” олимпын хамгийн их дуулиан, шуугиан дагуулсан, тэрнээсээ болоод олон хүн сонирхож үзсэн спортын төрөл бол уран гулгалт, тэр дундаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл. Оросын тамирчин, 15 настай Камила Валиеватай холбоотой “асуудал” дэлхийг хамарч, бүхнийг талцуулсан ч энэ асуудалд цэг тавих цаг мөдгүй, сар, он, жилээр үргэлжлэх байх. Тэгэхээр энэ тухай дахин өгүүлэх нь илүүц биз ээ.
Багийн төрөлд Оросын олимпын хороо(ООХ)-ны багийг гарцаагүй түрүүлнэ гэсэн таамаг байсан ч богино үзүүлбэрийн дараа гол өрсөлдөгч АНУ-ын багт гүйцэгдэх нь баараггүй болсон тул чөлөөт үзүүлбэрт хойд хөршийнхөн Камила Валиеваг дахин сойв. Татар охин ч торойтол түрүүлээд багтаа чухал 10+10=20 оноог нэмэрлэсэн. Тодруулбал, багийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, бүжгийн болон спорт хос тус бүрт 1-10 оноо (түрүүлсэн нь 10, удаалсан нь ес, гуравт орвол найм, дөрөвт долоо, тавд зургаан оноо… 10 дугаар байрт нэг оноо гэх мэтээр) өгч, нийлбэр дүнг гаргадаг. Мөн богино болон чөлөөт үзүүлбэрт багууд өөр, өөр тамирчин оруулсан ч болдог.
Богино үзүүлбэрийн дараа ООХ 36, АНУ 34, Япон 29 оноотой эхний гуравт жагслаа. Чөлөөт үзүүлбэрт ООХ 38, Япон 34, АНУ 31 оноо ч, нийлбэрээр Оросын баг 74 оноогоор алт, АНУ-ынх 65, Японых 63 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртсэн. АНУ-ын баг чөлөөт үзүүлбэрт Нэтан Чэнийг биш, Винсент Жоуг оролцуулж, эмэгтэй ганцаарчилсан, бүжгийн хосод эхний гуравт ч шалгарч чадаагүй нь амжилтад нөлөөлсөн. Оросын багийн бүрэлдэхүүнд Камила Валиева, Марк Кондратюк, Анастасия Мишина (Александр Галлямов, Виктория Синицина) Никита Кацалапов багтсан.
Бүжгийн хос (мөсний бүжиг) төрөлд “Пёнчан-2018” олимпын мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга, энэ төрлийн онооны дээд амжилтыг эзэмшдэг Францын хослол Габриэлла Пападакис, Гийом Сизерон нар түрүүллээ. Түрүүлэх, түрүүлэхдээ бүр дэлхийн дээд амжилтыг хоёр ч удаа шинэчлэв. Богино үзүүлбэрт 90.83, нийлбэрээр 226.98 оноо. Гайхамшигтай гулгасан. Дөрвөн жилийн өмнө Францын хослол “хувцасны асуудал” гараагүй бол бараг олимпын аварга болчих байсан шүү дээ.
Мөнгөн медаль хүртсэн Оросын хослол, 2021 оны дэлхийн аварга Виктория Синицина, Никита Кацалаповыг бас дурдах хэрэгтэй. Улирлын эхэнд бүсгүй нь нуруундаа, дараа нь залуу нь өвдгөндөө гэмтэл авсан гээд олимпод оролцох, эсэх нь эргэлзээтэй байв.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүсэн хүлээсэн Чэн-Ханюгийн “дуэль” болсонгүй. Йелийн их сургуулийн оюутан, дэлхийн гурван удаагийн аварга, АНУ-ын уран гулгагч, хятад гаралтай, армен-орос дасгалжуулагчтай Нэтан Чэн өмнөх олимпод бүтэлгүйтсэн алдаандаа нухацтай дүгнэлт хийсэн бололтой, хийгүй гулган, шилдэг гэдгээ нотолсон. Түүний техник, гүйцэтгэл, сэтгэл зүй аргагүй л “өөр ертөнц” юм. Олимп, дэлхийн хошой аварга Японы Юзүрү Ханю богино үзүүлбэртээ том алдаа гаргаж, бүр наймдугаар байр руу “шидэгдсэн” тул алтан медалийн хувь заяа ер нь эрт тодорхой болсон. Японы Юма Кагияма, Шэма Уно нар сайн, гэхдээ одоогоор олимпынн аваргын түвшинд хүрэхээр бус.
Ханюг дэлхийн олон орны үзэгчид биширлээ. Гэмтэл, бэртэл гээд бараг жилийн хугацаанд томоохон тэмцээнд оролцоогүй. Японы АШТ-ийг эс тооцвол. Богино үзүүлбэрийн дараа наймд байсан ч нийлбэр дүнгээр дөрөвт орж, медальд тун ойртсон.
Тэрбээр чөлөөт үзүүлбэртээ риск хийлгүй, алдаагүй гулгаад медаль авчих боломж байв. Гэхдээ олимп, дэлхийн аварга хүн хүрэл медальд “шунахаас” илүү уран гулгалтын түүхэнд дөрвөлсөн аксель амжилттай гүйцэтгэсэн анхны гулгагч хэмээн бичигдэх нь чухал байсан болов уу. Ханюг зодог тайлахыг чухам энэ дөрвөлсөн аксель амжилттай гүйцэтгэх хүсэл, зорилго нь л хойшлуулаад байгаа гэдэг. Тэр оролдсон, гэхдээ чадсангүй. Олимпын мөсөн дээр ийм эр зориг гаргах, золиос хийх амаргүй. Зөвхөн үүнд нь гэхэд Ханюд гүнээ талархах ёстой
.Чан, Ханюгийн үе өндөрлөх тийшээ ханджээ. Гэхдээ АНУ-ын 17 настай, Илья Малинин бий. Энэ олимпод ирсэнгүй, америкчууд авсангүй. Уг нь АНУ-ын АШТ-ээс мөнгөн медаль авсан юм. Тэрбээр Америкт төрсөн, орос уран гулгагч эцэг, эхтэй. Дөрвөлсөн бүх эргэлтийг хийдэг, 4 тулуп, 4 риттбергер, 4 сальхов-ойлер-4 сальхов гэсэн маш хүнд каскад эзэмшсэн гэж байгаа.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өвлийн олимпын аварга Анна Щербаковагийн гайхамшигтай тэвчээр, уран тансаг, уян налархай гулгалт, ялдам инээмсэглэл, нарийн мэдрэмж дэлхийн үзэгчдийг уярааж, бишрүүлэв. Тэрбээр хэрэгтэй үед хэрэгтэй зүйлээ алдаагүй хийдэг. Тиймдээ ч олимп, дэлхийн аварга боллоо.
Мөнгө хүртсэн Александра Трусова мөн л бахархмаар гулгагч. Нэг программд дөрвөн эргэлттэй үсрэлт анх удаа тав хийсэн юм. Богино үзүүлбэр дээр гурвалсан аксель хийж, унаагүй бол олимпын аварга болох бүрэн боломжтой байв.
Шартай, өөрийнхөөрөө байдаг нь тамирчин хүнд байх ёстой л зан чанар. Унасан ч би богино үзүүлбэрт гурван акселаа хийсээр л байх болно гэж байгаа нь итгэлтэй, зорилготой, тууштайг нь нотолсон.
Камилагийн тухайд харамсалтай, бүр дэндүү харамсалтай.
Спортын хос гулгалтад өмнөд хөршийн хослол Суй Вэнжин, Хао Цүн дэлхийн дээд амжилтын оноогоор (239.88) олимпын аварга боллоо. Тэдний туулсан зам дардан байгаагүй. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, асар их тэвчээрийн үр дүнд ирсэн шагнал. Олон ч гэмтэл, бэртлийн дараа дахин өндийсэн хоёр. Хао 15 настайдаа хөлөндөө хүнд гэмтэл авч уран гулгалтыг орхих дөхсөн. Дасгалжуулагчийн хүсэлт, шахалтаар хос гулгалтад үзээд алдахаар шийдсэн гэдэг.
Тэгтэл удалгүй Суйд бас асуудал үүссэн. Тархины нүдтэй холбодог (эпифизит буюу гурав дахь нүд гэгддэг юм байна) дөрвөн холбоос тасарсан гэсэн онош дуулж. Хос тэмцээнд жил хагас орсонгүй. Эргэж мөсөн дээрээ гарсан ч 2016 онд Суй бэлтгэлийн үеэр тархиндаа гэмтэл авч, нэг нүд нь хараагаа түр алджээ. Суй холбоос, шөрмөсийн мэс засал хийлгэж, есөн сар хэвтрийн дэглэм барив. Дараа нь бүгдийг шинээр, бүр зогсож, алхаж, дахин тэшүүрээр гулгаж “сурах” болжээ. Тэр хичээл зүтгэлээрээ хэцүү бүхнийг давж чадсан. 2018 онд Суй дахиад л бэртэж, ахиад л боссон.
Ийм бартаат зам туулахдаа Суй, Цүн нар дэлхийн аварга цолыг хоёр удаа хүртэж, гурван удаа мөнгөн медаль зүүсэн юм. Дөрвөн жилийн өмнөх олимпод ердөө 0.43 оноогоор алтан медалиас атгаад алдаж, мөнгөн медаль хүртсэн. Тэд Оросын хосоос ердөө 0.63 оноогоор илүүрхлээ.
Тэд гурван сальхов дээр алдаа гаргасан. Бараг харайлт хийгээгүй. Гэхдээ маш хүнд техникийн элемент дөрвөлсөн шидэлт, өргөлт хийсэн ч илүү гулгаагүй тэднийг шүүгчид дэмжсэн, нутгийн дэвжээ нь ч түшлээ гэж үзэгчид дүгнэсэн юм.
Илт ялаагүй тохиолдолд нутгийнхаа дэвжээнд байгаа тамирчдад ялалт ирдэг нь спортод байдаг л зүйл. Олимп хойд хөршид болсон бол мөн л гулгагчид нь түрүүлэх байсан биз. Гэхдээ илт булхай, улайм цайм луйвар бол биш.
Аль ч улсын тамирчин байсан, нутгийн дэвжээ нь түшдэг. Өссөн, төрсөн нутгийнх нь уул, ус нь өндөлздөг л биз дээ. Мөнгөн медалийг хүртсэн Тарасова Морозов, хүрэл хүртсэн Мишина Галлямов нар ч аварга болохоор алдаагүй гулгалаа. Түрүүлэх өдөр ирнэ ээ, тэдэнд.
Эцэст нь энэ олимпын уран гулгалтад Этери Тутберизегийн тухай өгүүлэхгүй өндөрлөвөл алдас болно. Тэрбээр гайхамшигтай дасгалжуулагч. Түүний охидыг дэлхий даяар мэддэг. Урьд, өмнөх олимп, дэлхийн аварга шавь нарынх нь тухай өгүүлэх илүүц байх. Энэ удаа сойсон Щербакова, Трусова, Валиева нар шавь нь. Гурвуулаа медалийн тавцанд зогсох бүрэн боломжтой байв. Гэхдээ дөрвөн жилийн өмнөх шиг хоёр шавь нь олимпын шагналын тавцанд алт, мөнгө зүүлээ. Этеригийн төрсөн охин Диана Дэвис нь олимпод оролцлоо. Бүжгийн хосод Глеб Смолкинтой.
Спорт хосод олимпын мөнгөн медаль хүртсэн Евгения Тарасова, Владимир Морозов нар бас түүний багийнх. Ийм дасгалжуулагч ховор. Өөрөө ч тамирчин байхдаа бэртэл авч, харь хүний нутагт унаж, босож явсан. Хал үзсэн, хатуу шаардлагатай багш.
Хайртай шавьдаа хамгийн их хатуу хандаж, хамгийн их итгэдэг шавиа хамгийн их шахдаг нь дасгалжуулагчийн зан. Авьяасгүй, ирээдүйгүй, зорилгогүй, хүсэл тэмүүлэлгүй хүнийг аварга болгох гээд хэн “шахаж” суух билээ дээ. Түүнийг шүүмжлэгчдэд үүнийг хэлье.
Манайхан “Олимпод Монголын уран гулгагч анх удаа оролцлоо”, “Битүү мөсөн ордонтой болсон. Одоо олимп, дэлхийн аваргатай болно” гэх мэтээр “сэвээд” байна. Одоогоор байтугай, ойрын хэдэн жилдээ ч олимп, дэлхийн аваргад манай уран гулгагч орох болоогүй. Тийм өндөр түвшинд очих уран гулгагч бэлтгэхэд олон жил хэрэгтэй, дээд зэрэглэлийн мэргэжлийн багш, сургалтын уламжлал, арга барил, бүхэл бүтэн систем хэрэгтэй байдаг юм гэдгийг хэлье.
ХОККЕЙ
“Бээжин-2022” өвлийн олимпын хоккейн эрэгтэйчүүдийн тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Словакийн хоккейчид Шведийг 4:0 -ээр хожиж, олимпын анхны медалиа хүртлээ. Энэ тоглолтод 17 настай Юрай Слафковский хоёр шайб оруулж, багаа амжилтад хөтөлсөн төдийгүй, өөрөө ч олимпын “мэргэн буучдын” жагсаалтыг долоон гоолоор хошуучлав. Түүнийг үүнээс хойш NHL-ийн багууд булаацалдаад авах байх. 2002 онд дэлхийн аварга болсон Словакийн баг 20 жилийн дараа олимпын медальтай боллоо. Алтан медалийн төлөө Финланд, Оросын багийнхан тулав. Финландчууд өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авч, цагаан олимпын аваргаар тодорсон бол энэ удаа хойд хөршийнхөн мөнгөн медальтай нутаг буцаж байна.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин