Өнгөрсөн мягмар гарагт Бээжин хотын “Capital indoor stadium”-д уран гулгалтын эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн тэмцээн боллоо. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн сэргээшийн асуудлын улмаас олны анхаарлын төвд орсон, дэлхийн дээд амжилтын эзэн К.Валиева хамгийн өндөр оноо авч “Бээжин-2022”-оос медальтай буцах магадлалтай болов. Шилдэг дөрөвт багтсан ОХУ-ын А.Щербакова, А.Трусовагийн товч ярилцлагыг хүргэе. Богино үзүүлбэрт тэргүүлсэн Камила тодорхой бус шалтгааны улмаас сэтгүүлчидтэй уулзаагүй юм.
А.Щербакова: БҮХ ЗҮЙЛД
СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА
-Та үзүүлбэрээ хэрхэн үнэлж байна вэ?
-Тун сэтгэл хангалуун байна, зорилгодоо хүрлээ. Бараг л бухимдсангүй, үүндээ их баярлаж, бас гайхаж байна. Эхний тэшилтээс л хөдөлгөөн, үсрэлт, эргэлт бүрээ хянаж чадсан. Миний хувьд энэ их чухал.
-Яагаад лутц+тулупын оронд лутц+риттбергер сонгов?
-Ингэх нь зөв гэж бид шийдсэн юм. Харамсалтай нь, лутцриттбергерийн гүйцэтгэлийг хүнд байдалтай нь тохируулж тэр бүр өндрөөр үнэлэхгүй юм даа. Тиймээс зөв шийдвэр гаргасан л гэж бодож байна.
-Камилагийн талаарх бодлоо хэлж болох уу?
-Ер нь бол бодол алга даа.
-Гэхдээ түүнийг дэмжиж байсан уу?
-Би түүнтэй биечлэн уулздаг, тийм гэж болно. Гэхдээ энэ талаар яг одоо яримааргүй байна
.-Багийн тэмцээнд оролцоогүйд таны олон фэн гайхсан, гомдсон. Энэ талаар юу хэлэх вэ?
Хариулт нь тодорхой болов уу. Тийм шийдвэрт баярлах нь юу л бол, гэхдээ одоо чөлөөт үзүүлбэрт анхаарч, боломжоо алдахгүй байх нь чухал. Тийм болохоор энэ талаарх бодлоо одоо мартана. Магадгүй олимпын дараа бодлоо цэгцэлье гэж бодож байгаа. Энэ удаад багийн тэмцээний тухай бодож сатааралгүй, яг одоо л хамгийн чухал зүйлдээ анхааръя гэж шийдсэн.
-80 онооны босго давсандаа баяртай байна уу. Их хатуу шүүх шиг боллоо.
-Тийм ээ, өнөөдөр үзүүлбэрт, сэтгэл санаа, оноо гээд бүх зүйлдээ сэтгэл хангалуун байна.
А.Трусова: ҮЗҮҮЛБЭРЭЭ
ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ НЬ
-Гурвалсан акселиас татгалзах байж гэсэн бодол төрж байна уу?
-Үгүй. Энэ бол миний зорилго, түүндээ хүрэхийг хичээнэ гэж өмнө нь хэлж бай-
сан. Хэн яаж гулгасан, ямар тэмцээн болж байгаа, энэ нь ямар ач холбогдолтой зэрэг нь надад огтоос чухал биш
.-Гэхдээ та энэ удаагийн олимпод мөрөөдлөө биелүүлэхэд их ойрхон байлаа?
-“Хрустальный”-д болдог бэлтгэлээс ч
муу байлаа. Бэлтгэл дээр би бараг алдаа гаргаж байгаагүй. Удаан хүлээсэн үзүүлбэр минь байсан ч өнөөдөр сэтгэл бараг хөдөлсөнгүй. Ихэнхдээ сэтгэл хөдлөөд чадахгүй нь гэсэн мэдрэмж надад төрдөг. Энэ удаад сэтгэл санаа тайван байсан ч яагаад үзүүлбэр минь сайн болсонгүй вэ гэдгийг тайлбарлаж чадахгүй нь.
-Оноогоо хангалттай гэж үзэж байна уу?
-Аксель хийхдээ унавал дандаа л ийм оноо авдаг. Хэвийн л оноо.
-Аксель гүйцэтгэх, олимпын алтан медаль авахын аль нь чухал вэ?
-Чухал, чухал биш гэсэн зүйл байхгүй. Аксель гүйцэтгээд өөгүй гулсвал нэгдүгээрт шалгарах боломж бий. Чадахгүй бол боломж байхгүй. Миний зорилго бол сайн гулсах.
Бэлтгэсэн Н.Энх