Норвегийн тамирчин Ярл Магнус Рийбер бол хоёр төрөлтийн дэлхийн хамгийн алдартай тамирчин. Яг л биатлоны Й.Бе гэсэн үг. Гэхдээ түүнээс ялгаатай нь Я.Рийберт эл төрөлд өрсөлдөгч гэхээр тамирчин бараг байхгүй. Тэрбээр энэ улиралд Дэлхийн цомд тав дараалж ялснаас гадна сүүлийн хоёр ДАШТ-ээс боломжит дөрвөн алтан медалийг бүгдийг хүртэж, гурван улирал дараалан Дэлхий цомд нийлбэр дүнгээр тэргүүлсэн.
Ер нь бол түүнийг ялахын тулд тэнгэр, газар хөмрөх ёстой гэж болно. Чухам ийм явдал түүнийг Бээжинд ирснээс хойш тохиолдов. Өдгөө 24 настай норвег тамирчныг нисэх буудалд ирэнгүүт нь хөл хорионд оруулжээ.
Я.Рийбер Бээжинд Норвегийн багийн олонх тамирчны хамт “ковидын” гэгддэг нислэгээр нэгдүгээр сарын 31-нд ирсэн байна. Түүний хажууд биатлонч Й.Бе сууж байсан аж. Чухам Ярлаас Йоханнес халдвар авч, олимп эхэлсэн эхний долоо хоногийн турш хөл хорионд байсан юм.
Гэхдээ Й.Бе азтай. Түүний удаах шинжилгээнүүд бүгд сөрөг гарснаар өдгөө Бээжингээс дөрвөн медаль, тэр дундаа гурван алт хүртээд байна. Гэтэл Я.Рийбер хөл хорионд суусаар. Түүний эзгүйд хоёр төрөлтийн эхний тэмцээн болж дуусав. Түүнийг дөнгөж өнгөрсөн даваа гарагт л хөл хорионоос “сулласан”. Харин маргааш нь том трамплины гараанд гарах ёстой байв. Гэтэл тэрбээр 16 хоногийг зочид буудлын өрөөнд ганцаараа, гадагшаа хамраа ч цухуйлгалгүй өнгөрүүлсэн байлаа. Ийнхүү Я.Рийбер тэмцээн болдог өдөр шууд цанаа углан мөсөн зам дээр гарчээ. Түүнд замаа судлах, албан ёсоор бэлтгэл хийх ямар ч боломж байсангүй. Норвег тамирчин үсрэлтээ төгс гэмээр гүйцэтгэж 142 метрийн амжилт үзүүлсэн агаад цуваа гараатай уралдаанд өрсөлдөгчөөсөө 44 секунд тасраад байв. Хамгийн аюултай өрсөлдөгч буюу нутаг нэгт Й.Граабакаас бараг хоёр минутын давуутай боллоо. Сүүлийн хоёр долоо хоног огт бэлтгэл хийгээгүй тамирчинд энэ бол барианд түрүүлж ороход хангалттай гэмээр давуу байдал. Гэвч цанын уралдааны явцад итгэмээргүй зүйл тохиолдов.
Тэрбээр эхний 2.5 км-ийг цор ганцаараа илт тасархай тэргүүлж байсан ч дараагийн тойрог руу орохын оронд гэнэт андуурч, барианы тойрог руу орсон байна. Урдаа барианы зурвас байгааг харсан Я.Рийбер юу болсныг ойлгосон агаад хаалтыг давах боломжгүй учир буцаж, гүйцээх ёстой зам руугаа орлоо. Эл нэмэлт маневрыг хийхэд тэрбээр 40 секунд алдсан аж. Энэ мөчид түүнийг гурван өрсөлдөгч нь гүйцэж ирэв. Гэвч алтан медаль авах найдвар бөхөөгүй, учир нь тамирчид замынхаа талд ч ороогүй. Өөрөөр хэлбэл, бүх зүйл норвег тамирчны гарт. Я.Рийбер уралдааныг тэргүүлсээр байсан ч барианаас нэг км гаруйн өмнө өөрийн эрхгүй ядарч, эцэстээ наймдугаар байр эзэлжээ.
“Ийм байдлаар алтан медалиа алдсанд их харамсаж байна. Үнэхээр тэнэг алдаа. Гэхдээ энгийн үед ийм алдаа намайг аваргалахад саад болохгүй. Даанч 16 өдөр буудлын өрөөнд байсан болохоор…” хэмээн уралдааны дараа нэрт тамирчин ярьсан. Гэхдээ “Бээжин-2022”- оос ганзага хоосон буцахгүй байх боломж түүнд бий. Өнөөдөр болох багийн тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай улсуудын нэг нь Норвег. Энэ бол Ярлын хувьд олимпын анхны медалиа хүртэх боломж.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар