“Ам угтуул 2022” шатрын тэмцээнийг Монголын шатрын холбооноос зохион байгуулав. Үүнд оролцсон мэргэжлийн тамирчид швейцар системээр долоон өрөг тоглосноос эхний 32 байрт шалгарсан нь чансаа, цолны эрэмбээр (үндэсний бөхийн барилдаан шиг) ам авч тогложээ. Тэднээс МУИС-ийн оюутан, олон улсын мастер Ү.Агьбилэг түрүүлж, “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, “Грандчесс” шатрын клубийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин их мастер Ц.Батчулуун II, Орхон аймгийн харьяат, “Дагшаахүү” клубийн тамирчин, их мастер Д.Батсүрэн III байр эзэлсэн байна.
Монголын шатрын холбоо үүсэж, хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан уг спортыг орон нутагт хөгжүүлэх зорилгоор Дундговь аймгийн “Уран өрөг” шатрын холбооноос Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагвагийн нэрэмжит ахмад шатарчдын УАШТ-ийг нээлттэй болон эмэгтэйчүүдийн ангилалд ирэх дөрөвдүгээр сарын 20-24-нд Мандалговь сумд зохион байгуулах нь. Олон улсын болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу болох тус тэмцээнд оролцогчид швейцар системээр есөн өрөг тоглож, аваргаа тодруулна.