Эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хасагдах шатны тоглолтууд маргааш эхэлнэ. Хэсгийн сүүлийн зарим тоглолтын сонирхолтой тулаанаас танилцуулъя.
Хамгийн эхэнд дурдах ёстой тоглолт бол асар олон үзэгчийн хүсэн хүлээж байсан классик буюу Канад, АНУ-ын өрсөлдөөн. “Агч модны навч”-нууд тоглолтыг урамтай эхлүүлж, ердөө хоёр дахь минутад гоол оруулсан бол америкчууд нэг минутын дараа тоог тэнцүүлсэн төдийгүй эхний үед 2:1-ээр хошуучлав. Хоёрдугаар үед багууд тус бүр нэг гоол оруулсан бол сүүлийн үед Америкийн баг л гоол оруулжээ. Канадчууд хичээсэн ч гоол оруулж чадсангүй, олимпын наадамд сүүлийн 12 жилд анх удаа хөршүүддээ ялагдлаа.
Герман, БНХАУ-ын багийн тоглолтод Европын баг 39 дэх минутад 3:0-ээр хошуучилж эхэлснээр талбайн эздийг олон шайбын зөрүүтэй хожигдохыг нь үзэгчид хүлээж эхлэв. Гэтэл Хятадын баг бууж өгөхийг хүсээгүй төдийгүй өвлийн олимпын түүхэнд анхны шайбаа оруулж үзэгчдээ баярлуулав. Улмаар гуравдугаар үеийн дунд хэрд тооны зөрүүг ердөө нэг болгож ойртуулсан ч үүнээс илүүг “бүтээж” чадалгүй хожигджээ.
В хэсгийн ОХУ, Чехийн багийн тоглолт үзэгчдийг суудлаас нь жинхэнэ өндөлзүүллээ. Оросын хоккейчид тулааныг 2:1-ийн харьцаатай тэргүүлж байсан ч Д.Воронков талбайгаас хөөгдсөний дараа “галзуурал” эхэлсэн. Чехийн баг хоёр гоол дараалан оруулж, улмаар сүүлийн үеийн эхэнд 4:2-оор хожиж байв. ОХУ-ын баг нуман тулгуурт орсон ч дөрвөн минутын дотор гурван шайб оруулан тоглолтыг орвонгоор нь эргүүллээ. Гэсэн ч 49 дэх минутад гоол алдсанаар багууд үндсэн цагт 5:5-ийн харьцаатай тэнцэв. Нэмэлт цагт Л.Шулак багтаа хожил авчирсан гоол оруулсан юм.
Ийнхүү хэсгээ тэргүүлсэн гурван баг (АНУ, Финланд, ОХУ) болон хоёрдугаар байр эзэлсэн нэг баг (Швед) шөвгийн наймд шууд шалгарав. Чансаагаар 5-12 дугаар байр эзэлсэн багуудын тулаан өнөөдөр болж, ялагчид нь шилдэг наймд багтах юм.