Спорт, уран гулгалт сонирхогчид ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн тухай асууж, бас цөөнгүй ташаа мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан гомдлыг CAS буюу Спортын арбитрын шүүх (аливаа спорттой холбоотой маргааныг эцэслэн тасалдаг дээд байгууллага)-ийн Бээжинд ажиллаж буй явуулын хэсэг өнгөрсөн ням гарагт хэлэлцэв. Уг хэсэг долоон цаг хуралдсаны эцэст шийдвэрээ гаргасан. АНУ, Итали, Словенийн шүүгчид, мөн Камила Валиева болон ОУОХ, ОУТХ, Оросын олимпын хороо зэрэг байгууллагын төлөөлөл үүнд цахим хэлбэрээр оролцсон. Ингээд Спортын арбитрын шүүх ОУОХ, ОУТХ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн давж заалдсан гомдлыг хүлээн авсангүй. Тиймээс Оросын олимпын багийн тамирчин Камила Валиева “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцох нь тодорхой боллоо.