Монголын хоккейн холбооны 2021- 2022 оны дээд лигийн шигшээ тэмцээний медалийн төлөөх тоглолт “Steppe arena”-д боллоо. Хүрэл медалийн төлөө “Бласт”, “Дархан” багийнхан өрсөлдөв. Энэ удаа легионер, залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Дархан”-ынхан өрсөлдөгчөө 8:3-аар буулган авч, хүрэл медалийн эзнээр анх удаа шалгарлаа. “Бласт”-ынхан өмнөх оны дээд лигийн шигшээ тоглолтод тунаж, таван удаа түрүүлсэн “Багануур” багийнхныг хожин III байр эзэлж байв. Тэгвэл аваргын төлөө “Хангарьд”, “Шарын гол” багийнхан тоглосон. “Шарын гол”-ынхон өмнөх лигийн аваргаар тодорсон Орхон аймгийн “Хангарьд” багийнхантай энэ удаа даагаа нэхэж, 9:4-өөр илүүрхэн хоёр дахь удаагаа аваргын цом, алтан медалиа гардлаа. Тэд өмнө нь эсрэг багийнхантай аваргын төлөөх тоглолтод учраа таарч, мөнгөн медаль зүүж байв. “Шарын гол”- ын легионеруудаас ОХУ-ын тамирчин Софин Игорь Константинович эсрэг багийн хаалганд дөрвөн гоол хийж, багаа хожилд хөтөлсөн юм. “Хангарьд”- ынхан лигийн тоглолтоос долоо дахь мөнгөн медалиа хүртлээ.