“Бээжин 2022” өвлийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнтэй зэрэгцэж, Монголын хоккейн холбооны 2021-2022 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт “Steppe arena” мөсөн ордонд өчигдөр эхэллээ. Энэ сарын 13-нд аваргаа тодруулах тэмцээний эхний өдрийн тоглолтын салхийг “Шарын гол”, “Бласт” багийнхан эхлүүлж, “Хангарьд”, “Дархан”-ыхны өрсөлдөөнөөр үргэлжлэв. Лигийн тоглолтод жил бүр оролцож, тэргүүн байрын төлөө өрсөлддөг “Багануур” багийнхан энэ удаа өнжсөн нь хоккейн хорхойтнуудыг гонсойлгосон. Харин тэдний оронд “Дархан” багийнхан лигт хүч түрэн орж ирж, 2019-2020 оны лигийн аваргаар тодорсон “Хангарьд” багийнхантай тоглосон нь үзэгчдийн анхаарлыг татаж байлаа. “Бластын”-хан энэ удаа легионергүй, залуу тоглогчдоор багаа бүрдүүлжээ. “Шарын гол”-ынхон лигт олон жил “тоос өргөсөн” туршлагатай тамирчидтай тул хүчтэй гэдгээ харуулж өрсөлдөгчөө 8:4-өөр буулгаж авсан юм. Тэгвэл “Хангарьд”-ынхан “Дархан”-чуудад тоглолтын эхэнд хожигдож явсан бол дунд хэсэгт тэргүүлэн 19:10-аар илүүрхсэн. “Дархан”-ынхан легионоруудаар хүч сэлбэсэн ч ихэнх тоглогч нь залуу лигт анх удаа оролцож байгаа тул туршлага дутав. Өнөөдөр “Хангарьд”, “Дархан” 10.00, “Шарын гол”, “Бласт”-ынхан 13.00 цагаас тоглоно.
Тэмцээнд хожсон хоёр багийнхан аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Хүрэл медалийн төлөөх тоглолт ням гарагт 10.00, алтан медалийнх 13.00 цагт болно.