Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насныхны УАШТ-ийг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 12-16-нд “Royal 3x3 event hall”-д болох тус тэмцээнд 2004 оноос хойш төрсөн тамирчид өрсөлдөх ёстой юм. 18 хүртэлх насныхны энэ оны ДАШТ-д оролцох үндэсний шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тиймээс тэмцээний үеэр тоглогчдод чансааны оноо олгож, шилдгүүдээр улсын шигшээ багийг бүрдүүлэх аж. ДАШТ нь Унгар улсын Дебрецен хотод болно.
Түүнчлэн 3х3 төрлөөр 16 хүртэлх насныхны УАШТ-ийг энэ сарын 19-23-нд зохион байгуулахаар товлосон байна. Энэ онд ОХУ-ын Владивосток хотод болох Азийн хүүхдийн VII наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийг сонгон шалгаруулах зорилгоор УАШТ-ийг товложээ. Үүнд 2006 оноос хойш төрсөн тамирчид оролцоно.
Ташрамд дурдахад, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцох эрхийн тэмцээнд өрсөлдөх багуудын нэрийг зарласан. Монголын баг Гаити, Тайланд, Малайз, Вьетнам улстай D хэсэгт багтжээ. Азийн аваргын урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээн ирэх тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ.