Америкийн Самаогийн цорын ганц оролцогч “Шувууны үүр”-т цээж нүцгэн орж ирэн “од” болов.
Ер нь бол дэлхий даяараа өөр “од”-ыг буюу гурван олимп дараалан нээлтийн ёслолын гол ярианы сэдэв болсон Тонга улсын Пит Тауфатофуаг хүлээж байлаа. Зуны олимпод таеквондо, өвлийнхөд цанын төрөлд оролцсон эл универсаль тамирчин өдгөө дэлхийн хэмжээний алдартан болсон.
Гэвч Тауфатофуа Бээжинд хүрэлцэн ирээгүй. Шалтгаан нь Ковид-19 цар тахал бус. Питэд тун эмгэнэлтэй, жинхэнэ гамшигт явдал тохиолдоод буй. Хэдэн долоо хоногийн өмнө Тонга улсад цунами, галт уулын дэлбэрэлт болсон. Хүчин чадал нь Японы Хирошима хотод хаясан 500 цөмийн бөмбөгтэй тэнцэхээр их. Тонга улс бараг тэр чигтээ сүйрсэн гэж болно. Тус улсыг дэлхийтэй холбодог интернэтийн сүлжээ ч тасрав. Тонгачууд гэр оронгүй болсон төдийгүй гадаад ертөнцөөс тусгаарлагдсан. Интернэт, утсан холбоог сэргээхэд 10 гаруй хоног зарцуулж, хэдэн өдрийн өмнөөс л тус улс руу онгоц нисэж эхэлжээ.
Харин Пит олон жилийн өмнөөс Австралид амьдарч, бэлтгэлээ базааж байгаа учир ослын гэрч болоогүй. Гэвч гэр бүлтэйгээ холбоо тасарч, сураггүй алга болсон аавыгаа олон өдөр эрэн хайжээ. Яг тэр өдрүүдэд Бээжингийн олимпын эрх авах цанын тэмцээнүүд болж таарав. Тэрбээр огт эргэлзэлгүйгээр тэмцээнд оролцохоос татгалзжээ. Улсынхаа далбааг барихаас илүү чухал зүйл түүнд гарав. Гэхдээ түүний алдар нэр энэ хүнд цагт чухам хэрэг болжээ. Пит эх орон нэгтнүүддээ туслах хандивын аянд нэгдэхийг урилахад хэдэн өдрийн дотор хагас сая доллар цугларсан аж. Үүнтэй зэрэгцээд тэрбээр арал улсдаа талх, халуун хоол хүргэх ажлыг зохион байгуулж, орон гэргүй болсон хүмүүст хоргодох газар олж өгч байв. “Энэ бол зөвхөн олимпын тамирчны гэлтгүй энгийн хүний ч гаргах үйлдэл. Эх орон минь улам сэргэж хөгжинө гэдэгт итгэж байна. Би харин 2024 оны олимпод бэлтгэнэ. Намайг хүлээж байгаарай, Парис” гэж Тауфатофуа ярьжээ.
Ийн Питийн эзгүйд нээлтийн ёслолын үеэр олны анхаарлыг цээж нүцгэн өөр нэг туг баригч буюу Натан Крамптон татав. Хэнээс санаа авснаа тэрбээр мэдээж нуугаагүй. Тонга тамирчинд мэнд хүргэхийн сацуу “Парис-2024”-т хамтдаа оролцохын ерөөл тавьжээ. Яагаад болохгүй гэж. Тауфатофуагийн адилаар Крамптон бол универсаль тамирчин. Америкийн оюутны спортын хувьд тэрбээр сайчуудын ангилалд багтана. Ойрын зайд гүйхээс гадна уртын болон гурвын харайлтаар хичээллэж, өвөл нь скелетоноор гулсдаг. Гэхдээ АНУ-ын шигшээд багтах боломж түүнд хараахан үгүй. Харин Натан полинез гарал үүслээ гэнэт санаснаар Америкийн Самао улсын иргэншил авчээ. Үнэндээ бол тэрбээр эл улсад амьдардаггүй, очиж ч үзээгүй. Крамптоны аав нь Америкийн дипломат ажилтан учир залуу эр дэлхийгээр олонтоо аялсан. Натан Кенид төрж, Австралид амьдарч байгаад АНУ-д иржээ. Скелетоны спортоор гурван жил хичээллэж буй. Пит цанаар гулсдагтай харьцуулбал Натан эл төрөлдөө хамаагүй сайн. Хойд Америкийн дээд амжилтыг эзэмшдэг. Тиймээс Бээжинд Крамптон эхний 10 байрт орох бүрэн боломжтой юм.
Бэлтгэсэн Манлайбаатар