-Төсвийн орлогыг 23.1, зарлагыг 26.4 их наяд төгрөгөөр батлав-
УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн ээлжит чуулганаар дөрвөн үндсэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнээс хамгийн чухал нь ирэх оны улсын төсвийг баталсан явдал байв. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн сүүлийн хэлэлцүүлгүүдийг энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг зүйл, заалт бүрээр танилцуулж, санал хураалт явуулсан. Тухайлбал, хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон 86 гишүүний 68 хувь нь дэмжив. Мөн Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон нийт гишүүний 68, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 71, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 71 хувь нь тус тус дэмжлээ.
Улсын төсөвт 2025 онд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлогыг 23.1, зарлагын хэмжээг 26.4 их наяд төгрөгөөр батлав. Үүнээс 3.9 их наяд төгрөгийг нь гэхэд л хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж барихад зарцуулахыг онцлов. Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээг төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тогтлоо.
Мөн чуулганаар 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нэг бүрийг хэлэлцэж, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Өртөг нь нэмэгдсэн барилга, байгууламжийн төсөвт аудит оруулна
Чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн зарим санал, байр суурийг хүргэе. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийснийг дээр дурдсан. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хийсэн бөгөөд тэрбээр “Төсвийн байнгын хороо энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан. Энэ үеэр төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох зүйл, хэсэг, заалтыг нэмж оруулсан. УИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн жагсаалт болон гаалийн албан татварын хөнгөлөлтөд хамаарах боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг батлахаар холбогдох хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай УИХ-ын тогтоолын төсөлд ирэх онд дөрвөн их наяд хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад, дотоод үнэт цаас гаргах, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нь нэмэгдэж буй барилга, байгууламжийн төсөвт магадлал хийн, аудит оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, саналаа 2025 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулна” гэлээ.
“Арилжааны банкуудаас нийгмийн даатгалын мөнгийг авахын тулд 300 сая төгрөгийн өмгөөллийн зардал гаргана”
Байнгын хорооны дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд болон бүлэгт харьяалалгүй гишүүдээс О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Анар, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, Г.Очирбат нар асуулт тавьж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Анар “Төсвөө батлах гэж бид хоорондоо маргалдаж, хөгөө чирч байгаа нь үнэндээ өрөвдөлтэй. Төсвөө хэрхэн захиран зарцуулах төрийн бодлого нь ч байхгүй хэрнээ мэдэгдэл хийгээд байх юм. Ерөнхий сайд Шанхайд ажиллах үеэрээ Хятадын компаниар төрийн бодлогоо тодорхойлуулна гэнэ үү, тийм зүйл ярьсан байх юм. Эдийн засаг, хөгжлийн сайд та төсвийн бодлогоо тодорхойлох ёстой биз дээ” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “Ирэх оны төсөвт анхаарах хэд хэдэн зүйл байна. Шинэ гишүүдийг үг хэлэх гэхээр янз бүрээр хэлж, гадуурхаад байж болохгүй ээ. Цаашдаа УИХ-ын гишүүд ижил эрх, үүрэгтэй хурал, чуулганд оролцох ёстой. Сургууль, цэцэрлэг нэмж бариулах санал гаргахаар төсвийн урсгал зардал нэмэгдчихнэ гээд авч хэлэлцэхгүй байгааг гайхаж байна. Тэгсэн хэрнээ гишүүдийн гадаад, дотоодын томилолт, бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал маш их байх жишээтэй. Зөвхөн бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардалд 2025 онд нэг их наяд 470 тэрбум төгрөг тусгасан байна шүү дээ. 2024 онд энэ төсөв нь нэг их наяд төгрөг байж. Нэг аймгийн хэмжээнд гэхэд л ийм зардал нь 5-10 сая төгрөг л байдаг шүү дээ. Үүнийг анхаарах, хасах хэрэгтэй” хэмээв. Мөн гишүүд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсантай холбоотой ужгирсан асуудалд хариуцлага тооцсон, эсэх, ямар арга хэмжээ авч буй талаар болон төсвийн төсөлд боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх жагсаалт батлах асуудлыг хэлэлцээгүй шалтгааныг тодруулсан.
Үүний хариуд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны хоёр банканд байршуулсантай холбоотойгоор эрсдэл үүссэн. Сайдаар томилогдсоныхоо дараа сангийн мөнгийг байршуулсан “Капитал”, “Чингис хаан” банкны төлөөлөлтэй уулзаж, Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийг хуралдуулсан. Уг хоёр банканд байршуулсан сангийн мөнгөтэй холбоотой гомдлыг хуулийн байгууллагад өмнө нь гаргаж байгаагүй юм билээ. Тиймээс үндэсний зөвлөлөөс Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Тус газраас гомдлыг хянаад Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна. Арилжааны банканд байршуулсан 160 тэрбум төгрөгийг буцаан авахын тулд 300 сая төгрөгийн өмгөөллийн зардал гаргана” гэсэн юм.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Боловсруулах үйлдвэр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх жагсаалтыг Засгийн газар баталбал хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн эрхэд халдаж, улмаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэх магадлалтай гэж үзээд, өөрчилсөн” гэж гишүүдэд хариулав. Ингээд 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн таван хууль, гурван тогтоолын төслийг эцэслэн батлуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн баасан гаргийн 10.00 цагийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төслийг эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр санал хураалт явуулж болно” гэж заасны дагуу эдгээр есөн хуулийн төслийг эцэслэх санал хураалтыг явуулав. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх нь дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасныг гишүүдэд танилцуулсан.
Арванхоёрдугаар сард багтаан төсөвт тодотгол хийхийг үүрэг болгов
Хуралдааны төгсгөлд, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулсан. Тэрбээр “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж, УИХ-д танилцуулахыг тогтоолын төсөлд тусгасан. Мөн Төсвийн тухай хуулийн 34.1-т тусгасанчлан төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан Их хуралд өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгасан” гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Д.Рэгдэл, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Номтойбаяр, Ж.Жаргалан нар асуулт тавьж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нэр бүхий гишүүдийн төсвийн урсгал зардлаас 3.6 их наяд төгрөг хасуулах саналыг дэмжиж байгаа. Төсөв хэлэлцэж, батлах ийм хариуцлагатай үед Ерөнхий сайд яагаад харагдахгүй байна вэ” гэж асуув. Сангийн сайд Б.Жавхлан “Улсын хэмжээнд жилд дунджаар 500-600 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлдэг байсан. Тэгвэл 14 мега төсөлтэй холбоотойгоор ирэх онд 48-хан төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсөвт суулгалаа. Үүнд анхаарах хэрэгтэй” хэмээсэн. Мөн нэр дурдсан гишүүд 2024 оны арванхоёрдугаар сард төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгахдаа ямар хуульд үндэслэснийг илүүтэй тодруулсан.
Хариуд нь УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Тогтоолын төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 34.1 дэх хэсгийг үндэслэсэн. Хуулийн энэ хэсэгт Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гээд дөрвөн нөхцөлийг заасан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл үүссэн. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч, зарлага өсвөл нэгдсэн төсөв ДНБ-ий гурван хувиар алдагдал хүлээхээр байгаа. Мөн хуулийн 29.7-д заасанчлан батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх зэргээр төсвийн тодотгол хийх үндэслэлийг тодорхой тусгасан. УИХ-ын үе үеийн парламентад төсөв тодотгох асуудал гарч л байсан. Тухайлбал, 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд УИХ нэгдсэн төсвөө баталсан ч 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газарт өгч байсан. Мөн 2014 онд төсвөө баталсан ч Засгийн газарт 2015 оны төсөвт тодотгол хийх үүрэг өгч, тухайн жилийнх нь арванхоёрдугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн тохиолдол бий” гэлээ.
Ийнхүү Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65 нь дэмжсэн юм. Төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн. Тэрбээр “УИХ-ын гишүүд 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар ч санал гаргаж, шаардлага ирүүлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн баталсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж, үр дүнг УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгалаа. Ирэх онд татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэй захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлэн, эдийн засгийн бодлоготой нийцүүлж ажиллахыг Засгийн газарт мөн үүрэг болгоё” гэснээр УИХ-ын баасан гаргийн чуулганыг өндөрлүүлэв.