“Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Хангай” хотхон орчимд байрлах явуулын “Хурдан” цэг иргэдийн ая тухтай орчинд амьдрах эрхэд халдаж, өдрийн турш чанга яригч ашиглаж байна” хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ. Өмнө нь иргэдийн төлөө ийм ажил хийж байгаагүй атлаа гэнэт л нэг цэгийн үйлчилгээнд хамрагдахыг уриалж буйг нь“Сонгуулийн сурталчилгаагаа болиосой” хэмээн шүүмжлэх хүн ч таарав. Төрийн цахим үйлчилгээний газрынхнаас энэ талаар тодруулахад “Энэ нь хөдөлгөөнт цэг учраас иргэдэд мэдээлэл хүргэхдээ чанга яригч ашиглах шаардлагатай. Мөн 08.00-20.00 цаг хүртэл ажиллах зохицуулалттай. Иргэдээс гомдол ирүүлсэн учир аль болох чимээ бага гаргахыг холбогдох ажилтнуудад сануулсан” гэв. Дээрх ажилтны хэлснээр буюу 12 цагийн турш нэг байршилд чанга яригчийн дууг сонсох нь хэвийн зүйл гэж үү? НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаныхнаас асуухад “Чанга яригчаас гарах дуу чимээ нь хүрээлэн буй орчны бохирдолд хамаарна. Бидний сонсохыг хүсээгүй дуу чимээ амьдрах орчинд тархсанаас энэхүү бохирдол үүсдэг. Үүнд барилга, моторт тээврийн хэрэгсэл, гудамжны шуугиан болон нисэх онгоц, галт тэрэг, авто замын дуу чимээ хамаатай. Мөн эмнэлэг, цагдаагийн байгууллагын тусгай дуут дохио ч багтах юм. Нийслэл хотын дуу чимээний бохирдол ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, аюултай түвшинд хүрсэн” хэмээв.
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш чанга яригч ашиглах нь идэвхэжсэн. Тиймээс нэр дэвшигчид болон түүний штабынханд хандан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.5.5-ын “22.00 цагаас дараа өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглахыг хориглоно” гэх заалтыг мөрдөхийг уриалъя.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн