Шадар сайд Т.Доржханд АНУ-ын Нью-Йорк хотод болж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум-2025”-д оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг “UPC renewables”-ийн удирдлагатай Эрчим хүчний реформын үндэсний хороог төлөөлөн санамж бичиг байгуулжээ. Тус компани Дундговь аймагт 2400 МВтын суурилагдсан хүчин чадалтай, салхин цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний үр дүнд сэргээгдэх эрчим хүчний нөөцийг хуримтлуулж ашиглах, бүс нутгийн хэрэглээг хангаад зогсохгүй хамгийн ойрын, боломжит зах зээлд экспортлох, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах боломж бүрдэхийг талууд онцлов. Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд “Цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжууд нээхийг зорьж байна” гэсэн бол “UPC renewables” компанийн Эндрю Жон Сазерленд “Энэхүү түншлэлээр Дундговь аймагт дэлхийн хэмжээний станц байгуулж, Монгол Улсын төвийн эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангах боломжтой. Бид Монголд олон улсын хөрөнгө оруулалт татаж, аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллана” хэмээн ярьжээ.
Ж.Сувд