Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Ананбазарыг энэ сарын 28-нд болсон ээлжит бус их хурлаар сонгосон нь спорт сонирхогч, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Дээд лигт оролцдог баг, клубүүдийн дасгалжуулагч, үндэсний шигшээ багийнхан дээрх сонгуулийн дүнг эсэргүүцэн өчигдөр жагссан. Мөн эмэгтэй тамирчид тэмцлээ тууштай үргэлжлүүлэх талаар өгүүлж, “Ц.Анандбазарыг ямар хүн бэ гэдгийг нийгэм даяараа мэднэ. Бид энэ хүнээс айж байна. Хөл бөмбөгөөр охид их хичээллэдэг. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бид шавь нарынхаа эцэг, эхэд юу гэж хэлэх вэ. Тиймээс тэднийхээ төлөө энд жагсаж, үзэл бодлоо илэрхийллээ. Түүнийг тус холбоог удирдаж буй цагт лигт тоглодог эмэгтэйчүүдийн найман баг ямар ч тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Монголын хөл бөмбөгчид үнэн ялаасай гэж хүсэж байгаа. Түүний хурлын үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны тавьсан өрийг төлөх гэж байна гэсэн тайлбар үг нь тамирчдын эгдүүцлийг төрүүлсэн” гэв. Түүнчлэн эрэгтэй тоглогчид “Бидний хөлс хүч, хөдөлмөр, бэлтгэл сургуулилалтаа шингээж, зүрх сэтгэлээ зориулсаар ирсэн энэ спорт, Монголын хөл бөмбөгийн холбоо “улс төрчдийг бэлтгэдэг шат дамжлага, гишгүүр биш. Хөл бөмбөгийн тогоонд чанагдах нь бүү хэл, ногоон талбайд нэг ч удаа хөл тавьж үзээгүй хүнийг ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлж сонгосон нь дүрэм журам зөрчсөн үйлдэл” хэмээсэн юм. Тэгвэл дээд лигийн “Эс Пи Фалконс” баг нь дээрх хурлаар Ц.Анандбазарт саналаа өгсөн аж. Харин тус багийн ивээн тэтгэгч NCD групп үүнтэй холбогдуулж, тус багийг ивээн тэтгэх үйл ажиллагаагаа зогсоож, хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгосон гэж мэдэгджээ.
Г.Бат