ОУХМ Б.Мөнхбат Дархан-Уул аймгийн ШУТИС-д суралцахаар 2007 онд очихдоо найзыгаа дагаж, нэгэн спортыг сонирхож хичээллэсэн нь модон бөмбөг байв. Тэрбээр тус аймгийн дасгалжуулагч Г.Болдбаатар багшийн удирдлагад хичээллэж, нэг жилийн дараа Азийн элсний анхдугаар их наадамд оролцохоор багийнхаа гурван тоглогчтой Индонезын Бали арлыг зорьсон гэдэг. Хилийн дээс анх удаа алхсан тэд тус тэмцээнд VI байрт орж, тамирчны гараагаа эхлүүлжээ. Тайваньд 2009 онд болсон Азийн АШТ-д өрсөлдөж, IV байр эзэлсэн түүнд амжилт дагуулсан жил 2011 он байв. Тэр жил Монголын олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлж, 2013 онд хүрэл медаль хүртсэнээр Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Хайнань аралд 2014 онд зохион байгуулсан ДАШТ-д V, тус улсад болсон нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль гардсан юм. Тэгвэл Тайландад 2015 онд хөл тавьж, Азийн АШТ, БНСУ-д 2016 онд зохион байгуулсан ДАШТ-д оролцохдоо V байрт шалгарсан. Олон улсын модон бөмбөгийн холбооноос тухайн жил шинэчилсэн чансааг зарлахад шилдэг 30 тамирчнаас тэрбээр 23-т жагссан байна. Өдгөө “Багануур” ХК-ийн ажилтан, Монголын модон бөмбөгийн шигшээ багийн ахлагч, “Уурхайчин” клубийн тамирчин тэрбээр өмнөд хөршийн Шаошань хотод 2023 онд болсон тивийн тэмцээнд багийнхантайгаа, мөн 2024 онд БНСУ-д болсон Азийн элсний АШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медалийн тавцанд зогссон юм. Дотооддоо зохион байгуулсан УАШТ-д эрэгтэй баг, эрэгтэй хос, ганцаарчилсан төрөлд 16 удаа түрүүлж, “Холбооны цом”-ын аваргаар шалгарч, оюутны УАШТ, клубүүдийн нээлттэй тэмцээнд шилдгээр тодорсон түүнтэй ярилцлаа.
-Модон бөмбөгийн тамирчдын бэлтгэл хийдэг улирал эхэллээ. Дотоодын томоохон тэмцээнүүдийн тов гарч, амрах зав өгөхгүй шил дарах нь дээ.
-Модон бөмбөгийн дотоодын тэмцээн ирэх сард оюутны УАШТ-ээр эхэлж, “Холбооны цом”, УАШТ-ээр үргэлжилнэ. Хонконгод тавдугаар сарын 15-17-нд зохион байгуулах мастерсын олон улсын тэмцээн, Индонезод наймдугаар сард болох Азийн АШТ, БНСУ-д есдүгээр сард болох нээлттэй тэмцээнд манайхан өрсөлдөнө. Шигшээ багийнхан оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэж, ганзага дүүрэн ирдэг. Миний хувьд ганцаарчилсан, холимог хос, багийн төрөлд ур чадвараа цөөнгүй сорьсон. Хамгийн сүүлд БНХАУ-ын Шаошань хотод 2023 онд болсон Азийн АШТ-ээс эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг тус бүр хүрэл медаль гардлаа.
-Олон улсын модон бөмбөгийн холбоо тэмцээндээ сурагчдын, сонирхогчдын гэсэн ангилал нэмж, 60-аас дээших насныханд ахмадын олон улсын тэмцээн зохион байгуулдаг болсон байна.
-Тийм ээ. Энэ спортод нас хязгаарладаггүй. Тус холбоо ийм шийдвэр гаргасан нь сонирхож хичээллэдэг олон хүнд ур чадвараа ахиулах, амжилт гаргах, карьераа өсгөх боломж олгож буй юм. Би эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч тул гадаадын тэмцээнд нөхдөө ахалж, оролцуулдаг. Модон бөмбөгөөр хичээллэдэг залуусын ур чадвар, техник жил ирэх тусам сайжирч байгаа тул оюутны УАШТ-д эхний гурван байрт шалгарсан тамирчдыг шигшээ багийн бүрэлдэхүүнд авч, хүч сэлбэж байгаа.
-Та өдгөө амжилт гаргасан шилдгүүдийн нэг болсон. Энэ спортод урвуулсан хүнд талархдаг уу?
-Би 2007 онд Дархан-Уул аймагт ШУТИСийн уул уурхайн ашиглалтын технологийн ангид суралцахаар очихдоо найзыгаа модон бөмбөгөөр хичээллэддэг болохыг мэдсэн юм. Түүний бэлтгэл хийхийг сонирхож харахаар нэг хэсэг дагаж явлаа. Тэгтэл нэг өдөр Г.Болдбаатар багш надтай уулзаад “Чи энэ спортоор хичээллээд үз. Чамд тохирохоор санагдлаа” гэж хэлэв. Түүний удирдлагад нэг жил бэлтгэл хийж, Индонезод 2008 онд зохион байгуулсан Азийн анхдугаар наадамд багийнхаа гурван тамирчинтай хамт оролцохоор Бали аралд хөл тавьсан. Тухайн үед бид гадаадын тамирчдын хэрхэн тоглодог арга барил, техникийг харж, тэмцээний явцаас анзаарч, судалсан зүйлээ Монголд ирээд нөхдөдөө зааж өгч билээ. Дараа жил нь шигшээ багт дуудагдсанаар олон улс, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөж эхэлсэн. Манай улсад модон бөмбөг хөгжөөд удаагүй байсан тул бид гадаадын тэмцээнд оролцохдоо голдуу шагналт V байр эзэлнэ. Харин 2016 оноос тамирчдын ур чадвар сайжирч, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөх болсноор тогтмол амжилт гаргадаг орнуудын тоонд зүй ёсоор багтсан. Монголын баг тэр жил ДАШТ-ээс медаль хүртэж, хүчтэй өрсөлдөгч болсноо олон улсын тамирчдад мэдрүүлсэн. Гэхдээ бид амар зам туулж, амжилтад хүрээгүй. Хэцүү санагдсан бүхнийг хамтдаа даван туулж, ард нь гарсан. Өдий зэрэгт хүрэхэд холбооны удирдлага, дасгалжуулагч багш нар, гэр бүл, байгууллагын хамт олон, найз нөхдийн сайхан сэтгэл, тус дэм их бий. Тэдэнгүйгээр модон бөмбөгийн хөгжил, тамирчдын амжилтыг төсөөлшгүй.
-Гадаадын багууд тивийн тэмцээнд Монголын шигшээтэй таарахаас халгадаг гэж сонссон. Тэднийг сандаргадаг хүчтэй өрсөлдөгч болоход эхэндээ амар байгаагүй л биз?
-Манайхантай олон улсын тэмцээнд сугалаа таарсан орны дасгалжуулагч нь “Хөөх, Монголын шигшээтэй таарчихлаа” гээд жийрхэж харагддаг. Багийн ахлагчийн хувьд тэмцээн эхлэхийн өмнө дасгалжуулагчидтайгаа зөвлөлдөж, тактик боловсруулна. Тамирчдаа тоглосны дараа хурал хийж, тэмцээний явцад ямар алдаа, дутагдал гарсныг нь дүгнэж ярилцдаг. Монголын тамирчид тивдээ Тайвань, Тайланд, Хонконгийн багийн ард жагсдаг. Биднийг анх хичээллэх үед модон бөмбөгийн техник өнөөгийнхөөс арай өөр байлаа. Тэр үеийг бодвол одоо дэвшингүй хөгжиж, техник нь гольфынхтой ойролцоо болсон. Тиймээс тамирчид дэлгэцийн гольфын бичлэгүүдийг үзэж, дасгалжуулагчдаас нь мэдээлэл авна. Гольфын тамирчид ч гэсэн модон бөмбөгөөр хичээллэж, дотоодын тэмцээнд амжилт гаргаад эхэллээ. Тухайлбал, “Стар” клубийг үүсгэн байгуулагч Б.Мягмарсүрэн, дасгалжуулагч М.Жүгдэрдагва нар манайханд хэрхэн тоглох талаар харамгүй зөвлөдөг.
-Шигшээ багийнхан ажиллахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцож харагддаг. Завгүй үед бүхнийг амжуулахаар гүйх хааяа хүнд санагддаг л байх.
-Би “Багануур” ХК-д ажилладаг. Шигшээ багийнхан амралтын өдөр Багануурт ирж, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийдэг юм. Бид бэлтгэл хийх зориулалтын талбайгүй. Урин дулаанд гадаа, өвөл зааланд хиймэл зүлэг дээр сургуулилалтаа базаадаг. МҮОХ, Биеийн тамир, спортын хороо дэмжээд, олон улсын стандартад нийцсэн талбайтай болговол бидний ур чадвар илүү сайжирч, амжилтаа ч ахиулна. Гадаадын тамирчид хөл бөмбөгийн ногоон талбайд бэлтгэл хийдэг болохоор нэг алхмын өмнө явдаг. Тэд зөвхөн амжилтдаа анхаарал хандуулдаг бол манайхан ажлынхаа хажуугаар зав гаргаж, тэмцээнд оролцоно. Тайвань, Хонконг модон бөмбөгийг сургуулиудынхаа хичээлийн хөтөлбөрт оруулж, сурагчдыг багаас нь хичээллүүлэн, мэргэжлийн тамирчнаар бэлтгэж байна. Монголд ХААИС хичээлийнхээ хөтөлбөрт багтаасан. Модон бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Г.Болдбаатар, М.Ганболд, Ж.Загас, Ц.Батцоож багшийн шавь нар бий. Бид багш нарынхаа хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд амжилт гаргасан. Спортын талбарт хөгжиж, урагшлахад багийн эв нэгдэл, сахилга бат, эерэг хандлага, зорилго, зөв төлөвшил нөлөөлдөг.
-Тамирчид олон улсын тэмцээнд аль улсад үйлдвэрлэсэн бөмбөг, цохиур хэрэглэдэг вэ?
-Тайваньд үйлдвэрлэсэн цохиур, бөмбөгөөр тоглодог. Сүүлийн үед Индонез, Хонконг, БНСУ хэрэгсэл материал, үйлдвэрлэж, худалдаалах болсон. Үнийн хувьд боломжийн өртөгтэй тул дээрх орнуудад ажиллаж, амьдардаг найз нөхөд цохиур, бөмбөг хэрэг болсон үед Монгол руу явуулдаг. Чанартай цохиур, бөмбөг, хаалга авахад нэг хэсэгтээ л тоглоно. Олон жил тоглохоор модон цохиур элэгдэж, хугардаг. Сүүлийн үед тамирчид хайлшаар хийсэн цохиур хэрэглэж байгаа. Үйлдвэрлэгч орнууд өөрийн улсын орчин нөхцөл, онцлогт тохируулж бөмбөг, цохиур хийдэг. Монгол эрс тэс уур амьсгалтай, цаг агаар нь сэрүүн, хуурай болохоор бөмбөг хурдан хатна. Хайрга, чулуутай газар бэлтгэл хийхэд хагардаг. Тэгэхээр хадгалах горимыг нь сайтар судлах шаардлагатай. Бөмбөгийг хатаахгүйн тулд тосонд чанаж, чийглэг газар байлгадаг. Тамирчин хүн хичээллэдэг спортынхоо үүсэл хөгжил, эрсдэл, давуу тал, хэрэгсэл материалыг хэрхэн хадгалж, олон жил хэрэглэж болохыг заавал судлах ёстой. Модон бөмбөг байгальд ээлтэй спорт. Тамирчид цэвэр агаарт бэлтгэл хийдэг тул эрүүл мэндэд нь тустай.
-Танд ч гэсэн хэзээ нэг өдөр карьераа өндөрлүүлж, зодог тайлах цаг ирнэ. Тэр үед дасгалжуулагчаар ажиллах уу?
-Би “Багануур” багийн дасгалжуулагч. 2012 оноос тамирчид бэлтгэж эхэлсэн. Байгууллагынхаа ажилчдаас баг бүрдүүлж, тэмцээнд оролцуулдаг болоод удаж байна. Удирдлага, хамт олон минь тамирчдаа маш сайн дэмждэгийн үр дүнд дотоодын тэмцээнд нэг бус удаа амжилт гаргасан. Манай багт спортын мастер цолтой гурав, дэд мастер зургаан тоглогч бий. Тус дүүргийнхэн спортлог. Тамирчид нь модон бөмбөгөөс гадна хөнгөн атлетик, хоккей, сагсан бөмбөг, волейболын тэмцээнд хүчтэй өрсөлддөг.
-Модон бөмбөгийн шигшээ багт орон нутгийн тамирчид голдуу байдаг. Нүүдлийн ахуй, амьдралтай ойр өссөн нь тэвчээр, хатуужлаас суралцахад нөлөөлсөн болов уу гэх бодол төрдөг юм.
-Шигшээ багийнхан тэмцээний үед ачаалал даах чадвартай, үг дааж сурсан. Тэд хэр баргийн зүйлд эмзэглэж, гомдохгүй. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумынх. Намайг шигшээ багт тоглож эхэлсэн цагаас гэрийнхэн минь дэмжиж, найдвартай ар тал, түшиг тулгуур минь болж ирсэн. Тамирчид гадаадын тэмцээнд оролцохдоо зардлаа хувиасаа гаргадаг. Аав, ээжээс минь гадна Багануур дүүргийн Засаг дарга, байгууллагын хамт олон, нутгийн удирдлага, зөвлөл, “Уурхайчин” клубийнхэн дэмжиж, “Тэмцээнийхээ зардалд нэмэрлээрэй” гээд мөнгөн тусламж үзүүлдэг.
-Та энэ спорттой олон жил тууштай нөхөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаа сонирхуулбал нэлээд зүйл өгүүлэх биз ээ.
-Миний хувьд 2016, 2017, 2024 онд болсон ДАШТ-д оролцсон. Модон бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан БНСУ-ын Чежү аралд 2016 онд зохион байгуулсан ДАШТ-ий холимог хосын төрөлд хүрэл медаль гардсан. Тамирчид тэмцээнд 12 зам тоглодог. Би нэг зам дээр нь бөмбөг оруулж, дурсгалын алтан медалиар шагнуулж байлаа. Тэр тэмцээнд хүрэл медалийн төлөө дөрвөн төрөлд тоглож, V байрт шалгарсан. Манайхан ямар ч тэмцээнд сэтгэл зүй өндөртэй оролцдог. Хүч бяр, мэ䬬рэмж, тооцоолон бодох чадвараар илүү. Өрсөлдөгчөөсөө сүрдэж эмээдэггүй, “Тоглочхоод ирье” гээд талбайд гарна. Хожсон гэж учиргүй догдлохгүй, ялагдлаа гэж сэтгэлээр унахгүй. Халуун наранд, хүйтэн бороонд ч тоглож л байна. БНСУ-д 2016 онд болсон ДАШТ-д оролцох үед бороо гурван өдөр тасралтгүй орсон. Бөмбөг цохихоор нойтон зүлгэн дээр өнхрөхгүй. Гадаадын тамирчид бороонд удаан тоглож чаддаггүй. Тэднийг бээрээд цув өмсөж зогсоход бид футболик, шорттой тоглолтоо үргэлжлүүлэх жишээтэй. Биднийг ажрахгүй тоглохыг харсан тэд гайхсандаа толгой сэгсэрдэг юм. Манайхан саад бэрхшээлийг боломж болгож, тэсвэр, хатуужилтайгаа харуулан амжилт гаргасан удаа олон.
-Хүмүүс их хотын дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс дайжиж, байгаль руу тэмүүлдэг боллоо. Хойшид энэ спортоор хичээллэх хүн олон болно гэдэгт эргэлздэггүй.
-Хүмүүс амжилт гаргатлаа хичээллэхгүй ч эрүүл мэндээ бодож, модон бөмбөг тоглодог болсон. Энэ нь нийгмийн стресс, бухимдлаас түр боловч холдож, тайван орчинд тэмүүлж байгаагийн илэрхийлэл. Тэр хэрээр сонирхсон спортынхоо онцлогийг судалж, тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Хойшид модон бөмбөг, гольфоор хичээллэх хүн олон байх болов уу. Миний хувьд орчноосоо хоцрохгүйн тулд байнга судалж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Зуны улиралд бэлтгэл хийж, тэмцээнүүдэд оролцож, завгүй өнгөрүүлнэ. Би ихэр. Ихрийндээ очиж, амрангаа нутгийнхаа уул, ус, агаар, байгалийн сайхнаас эрч хүч, энерги авах дуртай. Сүүлийн үед ах дүүс, хамаатан садны хүүхдүүд намайг бэлтгэл хийхэд дагаж явдаг болсон. Тэднээсээ тамирчин төрүүлнэ гэж боддог. Модон бөмбөгөөр олон жил хичээллэсэн болохоор спортын салбарт намайг танихгүй хүн ховор. Энэ ташрамд, шигшээ багийнхандаа “Бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, улам их амжилт гаргахын төлөө хамтдаа хичээцгээе” гэж уриалъя.