Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)ийн Дүрс оношилгооны тасагт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох MRI шинжилгээний аппарат суурилуулан, бүх өрөөг нь шинэчлэн засварлаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглаж эхэллээ. Уг MRI шинжилгээний аппаратыг ХБНГУ-ын “Siemens healthineers” брэндийн албан ёсны дистрибьютер болох “Сетунари” ХХК-ийн монгол инженерүүд угсарч, суурилуулсан байна. Энэ аппарат нь 1.5 теслагийн хүчин чадалтай бөгөөд мөр, тохой, хөлийн тавхай зэрэг жижиг хэсгийн зургийг ч чанарын өндөр түвшинд, илүү нарийвчилсан байдлаар гаргах дэвшилтэт технологи аж. Тухайн аппаратын радиус том учраас жин ихтэй (180 кг хүртэлх) үйлчлүүлэгчид шинжилгээ хийх боломжтойгоороо давуу талтай гэнэ. Ингэснээр спортын гэмтэл, тэр дундаа үндэсний бөхийн тамирчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ цогцоор нь авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ийнхүү шинэ MRI аппараттай болсноор ГССҮТ-ийн дүрс оношилгоо, шинжилгээний чадамж нэг үзүүлэлтээр дээшилж, иргэд нарийн шинжилгээг богино хугацаанд хурдан шуурхай авах боломжтой болов.
Г.Орчлон