Хоёрхон сарын дараа хүй мандлын ногоон дэвжээнд хүлэг морьдын төвөргөөн сонстож, хүүхдийн гийнгоо цангинах нь. Хүчит бөхчүүд ид хаваа гайхуулан, харваачид цэц мэргэнээ сорин, сүр хүчийг үзүүлнэ. Монгол хүн бүрийн бахархал, ондоошил, омогшил болсон, дэлхийд ганц наадам минь ингэж л эхэлдэг. Гэвч жил ирэх тусам монголчууд наадаж чадахаа больж, энэ сайхан өв соёл, үүх түүх, уламжлалаа утгыг нь алдуулан “уландаа гишгэлэх” болов. “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн эрийн гурван наадмаа үзээд хөөр баяр, бахархал дүүрэн сэтгэгдэлтэй, ирэх жил хүртэл ярих сонинтой үлддэг асан ард түмэнд эдүгээ үнэт зүйл ч гэхээр юмгүй л болох нь байна шүү. Учир юу гэвэл, улсын баяр наадмаа бид адаглаад тасалбарын хэрүүл уруулгүй, дараалал хүлээгдэлгүй, “шагчид”-гүй, шахаагүй, тов хийтэл нь тэмдэглэж чадахаа байсан. Тиймээс үеэ өнгөрөөсөн цэнгэлдэхэд жилийн жилд л наадмын нээлт, хаалт гэж “бантан хутгадгаа” одоо больцгооё, та минь.
Халхын саруул тал, уудам өргөн эх орон минь байна, улсын баяр наадмаа хаана ч тэмдэглэсэн яадаг юм бэ. 13 мянга ч хүрэхгүй хүний суудалтай умгар цэнгэлдэхэд улсын наадам хийнэ гэдэг үлгэр болсныг өнгөрсөн жилүүдийн үйл явдлууд гэрчилж буй. Сайд, дарга нар наадмын төсөв нэмж, “цавчина уу” л гэхээс улсын баяр наадмаа түмэн олондоо хүртээмжтэй зохион байгуулчихъя гэж огтхон ч боддоггүй. Адаглаад л нээлт, хаалтын үзвэрийн тасалбар эгэл ардад олдоно гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил бэрх. Энэ нь “шагийн” тасалбарын бизнес хавтгайрчихсантай холбоотой. Түүнчлэн жилийн жилд цэнгэлдэх хүрээлэнгээ тойруулаад хар зах ажиллуулчихдаг. Иймэрхүү дампуу зохион байгуулалтаас бүгдээрээ татгалзах цаг болжээ.
Манай улс Төв цэнгэлдэх хүрээлэнг БНХАУын дэмжлэгтэйгээр 1958 онд барьж, тухайн жилдээ ашиглалтад оруулсан түүхтэй. Арын талбайд нь 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан соёмбот багана босгосон байдаг. Хүрээлэнгийн 51 хувийг 1993 онд хувьчилж ХХК болгон, 49 хувийг нь хотын захиргаанд үлдээсэн. Хувьчилснаас хойш 21 жилийн дараа л хуучин модон сандлуудыг нь хуванцраар сольсноос өөр гавьтай ажил хийгээгүй юм билээ. Хүнээр бол 70 нас дөхөж яваа энэ байгууламж үүргээ хангалттай гүйцэтгэсэн үү гэвэл тийм. Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулбал юу юм гэхээс улсын баяр наадам тэмдэглэхэд өдгөө дэндүү умгар, хуучинсаг болчхоод буй. Үүнийгээ манай дарга нар ч эрт мэдсэн. Түмэн олноороо багтаж шингэхгүй нь хэмээгээд Яармагт шинэ цэнгэлдэх хүрээлэн барина гэж олон жил ярьсан. 2019 онд зураг төслийн уралдаан хүртэл зарлаж, түрүүлсэнд нь 30, дэд байрын эзнийг 20 сая төгрөгөөр шагнаж байлаа. Тэр цэнгэлдэх хүрээлэн одоо хаана байна вэ, эрх баригчид аа. Хачирхалтай нь, тэд үүнийгээ ч мартсан бололтой, Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын хуралдаанаар өөр загвар хийцтэй, орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн барих тухай хэлэлцэж байхыг бодоход.
Баяр наадмын нээлт, хаалт иргэдэд хүртээмжгүйн дээр улиг болсон элемент, дэглэлтүүд нь наадамчин олныг залхаагаад удсан. Жил бүрийн наадмын төсөв ч “талийж” өглөө. Тухайн жилийн онцлог, ач холбогдол, улсын эдийн засгийн нөхцөл байдал зэргээс төсөв нь хамаардаг ч тэрбум тэрбум төгрөгийг бид наадмын үр өгөөж муутай нээлт, хаалтын тоглолтод “цацсаар” ирсэн. Тухайлбал, “Ковид-19” өвчин дэгддэг жил буюу 2020 онд цахимаар наадам тэмдэглэнэ, нээлт, хаалтын бичлэг цацна гээд Б.Баатарын “Херо” студийн клипийг 1.6 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь үнэн шүү дээ. Цар тахлын үеэр дэлхий нийтээр баяр наадам зохион байгуулахгүй байхад манайх л гэж хахаж цацсан “баян” улс, хэдэн дуучин, бүжигчдийнхээ клипийг тэрбум гаруй төгрөгөөр үзэж суув. Үүний дараагийн жил буюу 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож, энэ нь эрх баригчдад “том олз” болсон. Тухайн наадамд төсөвлөсөн 2.5 тэрбум төгрөгийг дарга нар хаанаа ч хүрэхгүй хэмээгээд нэмэлтээр 10 тэрбумыг тусгуулж байсан. Үүнийг нь иргэд шүүмжлэнгүүт жил бүрийн наадмын төсвийг ил тод мэдээлэхээ больж, “улсын нууцад” оруулчихсан нь харамсалтай. Манай төр засгийнхны ганц хийж чаддаг ажил нь энэ мэт хорьж цагдах, нууж хаах юм даа.
Төсвөө танах, Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын ёслол, бөхийн барилдаан үзэх нь иргэдэд хязгаарлагдмал байгаа учраас хамгийн боломжит хувилбар нь Хүй долоон худагийн зүлэг ногоон дэнжид улсын наадмаа хийх нь зөв гэж олон нийт үзэж буй. Нээлт, хаалтын ёслолоо ч үнэгүй үзэх боломжийг нь наадамчин олонд олго хэмээсэн. Эрийн гурван наадмаа ингэж нэг дор зохион байгуулбал хүмүүс сур, бөх, морь, шагайн харваа гээд бүгдийг тааваараа үзнэ. Одоо бол бөхийн барилдааныг цэнгэлдэхэд, хурдан морины уралдааныг Хүй долоон худагт очиж үздэг. Замын түгжрэл дунд энэ нь баярлах ч биш, бараг шийтгүүлээд дуусдгийг бид нийтээр мэднэ.
Хүй долоон худагт наадмаа тэмдэглэвэл мэдээж суудлын болон хүний тоо хязгааргүй. Задгай талбайд түр сандлууд байршуулан, зүлгэн дээр чөлөөт суудлууд шийдэж, 50 хүртэлх мянган хүн нэг дор хүн хүлээн авахаар төлөвлөж болох аж. Олон улсад аялан тоглолт болон томоохон баяр ёслолын үеэр задгай талбайд түргэн угсрагддаг, зөөврийн шат, суудал ашигладаг. Хэдхэн цагийн дотор л тайз дэлгэц, өчнөөн мянган үзэгчийн суудал бэлэн болчихдог юм билээ. Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврээр иргэдэд үйлчлэхэд л хангалттай.
Төвөг дараалал үүсгэдэг, шороо тоос бужигнасан, гаднаа худалдаа наймаа, хэдэн хуушуурнаас өөр юмгүй Төв цэнгэлдэх хүрээлэнг бодвол цэвэр агаарт, байгалийн сайханд, өвс ногооны сортойд наадамладаг болчихвол хэчнээн гоё вэ. Зуны ид халуунд цэнгэлдэхэд наранд шаруулж сууснаас, цаашлаад ёс заншлаа бодсон ч байгальд тааваараа цэнгэх нь монгол наадмын онцлог, уламжлалыг илүү тодруулах нь дамжиггүй. Бөхчүүд ч хиймэл зүлгэн дээр халтирч ойчоод, бэртэж гэмтээд байхгүй, амар.
Наадмыг түр талбайд зохион байгуулснаар төсвийн мөнгийг 40 хүртэлх хувиар хэмнэх боломжтойг судлаачид хэлдэг. Дагаад аялал жуулчлал эрчимжиж, Хүй долоон худагийн ойр орчмынх нь зочид буудал, хоолны газар, хүнсний худалдааны эрэлт нэмэгдэн, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн орлого ч нэмэгдэх давуу талтай. Задгай талбайд хүний бөөгнөрөл үүсэхгүй, агаарт нян бактери хуримтлагдахгүй тул хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулахад ч тохиромжтой гэж үздэг юм билээ. Мобайл тайз, дэлгэц, дууны систем, дрон шоу, лазер проекшн 4D, 6D зэрэг хотын төвд үзүүлэх боломжгүй өндөр хүчин чадалтай технологийг задгай талбайд чөлөөтэй ашиглаж болно. Наадмын нээлт, хаалтын ёслолын уламжлалаа иймэрхүү шинэчлэлтэй хослуулж хийвэл зүгээр сэн. Байдаг л хэдэн жүжигчид, дуучид, уянгалсан сүржигнэлд төсвөө үрэхээсээ уйддаггүй юм уу. Ичмээр, ёслолын хэдэн буудлаганаасаа давж сэтгэмээр л байх юм.
Ер нь жил бүр л аймаг, сумуудын үүсгэн байгуулагдсаны тэгш ой тохиож буй. Наадмын нээлтээ аль нэг аймаг, сумд хийсэн ч болохгүй зүйлгүй. Зарим аймгийн наадам улсынхаас ч гоё болдог. Иргэд ч аймаг, сумын наадам үзэх дуртай байдаг нь тэднийг өргөн уудам талд тааваар нь цэнгүүлдэгтэй холбоотой. Хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл нааддаг нүүдэлчин монголчууд хэзээ байтлаа бетонон “хашаанд” улсын баяр наадмаа тэмдэглэдэг байлаа. Орчин цаг, шинэ үе гэсээр өнгөрснөө дурсах үүх түүх ч үгүй болох уу. Аймаг бүрд биш юм гэхэд говийн, төвийн, хангайн бүсэд ч улсын наадмаа “аваачиж” болох юм. Сайд, дарга нарын яриад буй бүсчилсэн хөгжил гэдэг чинь энэ шүү дээ. Төсвөөс өчнөөн мөнгө зарж, Монгол Улсаа бүсчлэн хөгжүүлнэ гэж хуралдахын оронд хэдэн бүсээ тойроод л баяр наадмаа тэмдэглээд байхад хөгжил нь аяндаа ирэх юм биш үү. Түүхчид, судлаачдын хэлдэгчлэн наадмын нээлтийн ёслолд унага тамгалах, гүүний үрс гаргах ёслол гэх мэт өв соёлоо оруулж, сурталчилъя. Ийм ёслолыг хөдөө л хийвэл гоё. Үзэгчид үнэндээ УДЭТ-ын жүжигчид, Т.Ариунаа, Б.Сарантуяа дуучнаас залхаж байна.
Өнөө жил Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой тохионо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Шадар сайд С.Амарсайхан, нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж буй. Жилд нэг удаа болдог үндэсний их баяр наа¬дам нь монголчуудын эв нэгдэл, тусгаар тогт¬нолын илэрхийлэл төдийгүй нээлт нь үндэсний онцлог, түүх, соёл, өв уламжлалаа жуулчдад сурталчлан таниулах хамгийн том энтертайнмент арга хэмжээ гэдгээрээ гол цөм нь болдог. Энэ удаагийн наадмын зохиол, тайзны зохион байгуулалт, ерөнхий зураглал, бүтээн байгуулалтын төлөвлөлт хийгдэж эхэлсэн бөгөөд нээлтийг 360 градус буюу бүх хүнд хүртээмжтэй байдлаар төлөвлөсөн гэж мэдээлсэн. Юу болохыг “тэнгэр л мэдэх” байх даа.