Хэрэв барилгыг галд тэсвэртэй материалаар барьсан бол, хууль, журам, аюулгүй ажиллагааны дүрмийг баримталсан бол өдгөө 207 дугаар байрны 63 өрхийн 200 гаруй иргэн орох оронтойгоо үлдэх байсан ч юм бил үү гэж “Дүнжингарав”-ын дэлбэрэлт”-ийн хэргийг шүүх хурлын үеэр олон хүн бодсон болов уу.
Учир нь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг Улсын комисс хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2, 17.3 дугаарт заасан шаардлагыг хангасан, эсэхийг тогтоох хэрэгтэй гэж үзэж, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасан юм. Мөн өмгөөлөгч Т.Сайнбаяр “207 дугаар байрны гадна фасадны дулаалгыг хийсэн полистрол хавтан нь хэвийн шатдаг, хялбар дөллөж, авалцаж асдаг ангилалд багтдаг болохыг Гамшиг судлалын хү¬ рээлэнгээс тогтоожээ. Галд тэсвэрлэлтийн хоёрдугаар ангилалд багтах материалаар барилгыг дулаалах байтал дөрөвдүгээр ангилалд буюу галыг дэмждэг материал ашигласан. Үүнийг шинжлээгүй байхад дүгнэлт яаж үнэн зөв гарах вэ” хэмээсэн юм.
Тус орон сууц нь 12 давхар бөгөөд барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлаараа өндөр төвөгшилтэй гэх ангилалд хамаарч буй. Өөрөөр хэлбэл, 9-16, түүнээс дээш давхар барилга байгууламжид гарсан гал түймрийг унтраах боломж манай онцгой байдлын анги, нэгжийнхэнд тун хомс. Гал түймэр, газар хөдлөх зэрэг гамшгийн үед эрсдэл өндөртэй барилга, байгууламжийн аюулгүй байдалд хариуцсан салбарынхан нь илүүтэй анхаарах байтал хяналт маш сул байгааг нь ганц 207 дугаар байрны жишээ бэлхнээ харууллаа. Хэдхэн хоногийн өмнө шатахуун түгээх станцуудтай ойр байрлах үйл¬ чилгээний барилгад гал авалцаж, гамшиг болох дөхсөн. Гэтэл ямар орц найрлагатай нь тодорхойгүй өндөр барилгууд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, тэр хэрээр иргэд айдас дунд амьдрах боллоо.
127 БАРИЛГА ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА
Нийтийн эзэмшлийн талбайд орон сууц болон үйлчилгээний зориулалтаар барилга, байгууламж барих тохиолдолд хамгийн эхэнд нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт ханддаг юм байна. Барилга барих газрын зөвшөөрлөөс эхлээд ашиглалтад хүлээн авах хүртэл маш олон үе шат дамжиж, бичиг баримт бүрдүүлэх ёстой ч үүнийг үл ойшоож, эхлэх зөвшөөрөл олгоогүй байхад барилгыг сүндэрлүүлдэг “гаж үзэгдэл” гаарсныг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, нийслэлд одоогоор зөрчилтэй 127 барилга баригдаж буйг нийслэлийн Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч З.Ганбат хэлэв. Ихэнх нь барилга эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад яаран сандран “дайрцгаадаг” аж. Барилгын тухай хуульд зааснаар ийм зөрчил гаргасан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ нөхөж авахыг шаарддаг гэнэ. Үгүй бол тухайн барилга, байгууламжийг шүүхийн шийдвэрт үндэслэн буулгах хууль, эрх зүйн зохицуулалттай.
Угтаа бол олон “шалгалт”-д тэнцсэний дараа л ном дүрмийнх нь дагуу барилгыг эхлүүлэх ёстой. Харамсалтай нь, эл “шалгалт”-ыг шударгаар бус, хахуулиар зохион байгуулдаг уу гэх хардлага төрж буй юм. Улсын комисс хүлээн авсан гэх хэрнээ эрсдэл дүүрэн барилга, байшингууд үүний бодит жишээ. Манай улсын хувьд барилгын материалын хяналт маш сул гэдгийг жирийн иргэдээс эхлээд албаны хүн нь ч хэлж байна. Тухайлбал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг барилгын материалын хяналт хангалтгүй байгааг нуугаагүй. Тэрбээр “Барилгын материалд Монгол Улсын MNS болон олон улсын, тухайн үйлдвэрлэгч орны стандартыг мөрдөж байна. Дээрх стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг барилгад хэрэглэнэ гэсэн үг. Хөөсөнцөр хэрэглэхийг манай улс хориглооХан-Уул дүүрэгт 108 Баянзүрх дүүрэгт 24 Баянгол дүүрэгт 21 Чингэлтэй дүүрэгт 4 байна. давхраас дээш өндөр барилгууд Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй, Нийт 180 барилга бүртгэгдсэн Үүнээс 17 гүй. Хөөсөнцрийн олон үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд галд тэсвэртэй ангилалд дөхүүлэхийг хичээж байгаа. Барилгын материалыг оруулж ирэхэд манай улсын хил дээр шинжлэх лаборатори байхгүй. Тиймээс Замын-Үүд, Алтанбулаг боомтод барилгын материалын лаборатори байгуулж байна. Энэ жилдээ тоног төхөөрөмжийг нь суурилуулаад, ирэх оноос ашиглалтад оруулна. Ингэснээр импортын болон дотоодод үйлдвэрлэж буй материалын хяналтыг илүү сайжруулах, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хилээс буцаах боломжтой болно” гэв. Тэр болтол галд тэсвэргүй, хямд үнэтэй материалыг барилгын салбарынхан хэрэглэсээр байх нь. Уг нь барилгын материалыг шинжлэх лаборатори 40 гаруй аж ахуйн нэгжид бий аж. Гэвч шинжилгээнд хамрагдаж, шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэж буй, эсэх, норм дүрмийг дагасан, үгүйг нь хянаж чадахгүй байгаад асуудал бий. Үүнд захиалагч, гүйцэтгэгч болон төрийн хяналт хэрэгтэй. Гэвч ганц талын буюу гүйцэтгэгч компанийн “тоглолтоор” л иргэдийн хувь заяаг шийдэж буй нь харамсалтай.
Хот байгуулалтын мэдээллийн санд одоогоор 17 давхраас дээш өндөртэй 180 барилга бүртгэлтэй байна. Үүнээс хамгийн өндөр нь 33 давхар “Шангрила резиденс”, “Хүннү-2222” 25 давхар бол “Цэнгэлдэх”, “Белла виста”, “Хаан цамхаг”, “Академи” зэрэг хотхон удаалж байна. Хан-Уул дүүрэгт тэнгэр баганадсан барилгууд хамгийн ихээр шамбааралджээ. Тус дүүрэгт 17 давхраас дээш өндөртэй 108 барилга бүртгэлтэй аж. Сүүлийн жилүүдэд 16 давхраас дээш өндөр барилга барих, зураг төслийг нь боловсруулах ажил эрчимжиж буйг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Содномпэл хэллээ. Тэрбээр “60 м-ээс дээш өндөр, 16-гаас олон давхар барилгыг тухайлсан объектын барилга, байгууламжид хамааруулдаг. Зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах асуудлыг яам шийддэг. 2022 онд Зөвшөөрлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан барилгын ажлын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор хуульчилсан. Барилгын тухай хуульд салбар яам нь олгохоор тусгасан нь давхар зохицуулалт болчихлоо. Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас барилгын ажлын зөвшөөрлийг 2024 онд олгосон. Онцгой төвөгшилтэй барилга байгууламж барих зөвшөөрлийг өнгөрсөн онд найман барилгад өгсөн байна. Эдгээр нь бүгд 16 ба түүнээс дээш өндөртэй барилга” гэв. Тухайн барилгын ажлын зөвшөөрөлд үйлчилгээний, эсвэл орон сууцынх аль нь болохыг бичдэггүй учраас төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалтгалтаар л газар дээр нь очиж, ямар зориулалтаар барьж буйг нь мэдэх боломжтойг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, гэнэтийн шалгалт хийж л ямар нэгэн “но” бий, эсэхийг илрүүлэх гэнэ. Мөн тэрбээр барилга эхлүүлэх зөвшөөрөл гараагүй байхад буюу бичиг баримтаа бүрэн бүрдүүлээгүй “хөөцөлдөж” явахдаа барилгаа барьж эхэлдэг нийтлэг зөрчил гарч байгааг онцолсон. Үүнийг иргэний гомдол, эсвэл төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалтаар илрүүлдэг гэнэ. Энэ тохиолдолд Зөрч¬ лийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг аж. Заримдаа барилгын ажлыг зогсоох хүртэлх арга хэмжээ авдаг байна. Жишээлбэл, Энхтайваны гүүрний зүүн урд талд МАК компанийнхан 30 гаруй давхар барилга барихаар суурин бэхэлгээний ажил хийж байсныг зогсоожээ. Зураг төслийг нь магадалсан боловч барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй байхдаа ийн ажлаа эхлүүлсэн байж.
МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨН АЖЛАА ХИЙНЭ ҮҮ
Онцгой төвөгшилтэй буюу 16-гаас дээш барилгыг газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй юу, үгүй гэдгийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж өндөр барилгын зураг төсөл боловсруулах зөвшөөрөл авах ёстой аж. Энэхүү зөвлөлд конструктор, зөвлөх, архитектор, цахилгаан, галын аюулгүй байдал, халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуургын зэрэг төрөл бүрийн мэргэжлийн инженерээс бүрдсэн 21 хүн ажилладаг гэнэ. Гишүүдийг сонгох, хурал зарлан хуралдуулах үйл ажиллагааг Барилгын хөгжлийн төв хариуцдаг гэх. Тус төв нь барилгын салбарын хөгжлийг дэмжих, стандартуудыг батлах, мэдээлэл, сургалт, зөвлөмж өгөх зорилготой байгууллага. Чиг үүргийн хувьд салбарын яамнаас дутахааргүй эрх мэдэлтэй ч барилгын аюулгүй байдал, чанар, стандартыг хэрхэн сайжруулсан нь тодорхойгүй байна. Ядаж мэргэжлийн зөвлөлийнхөн “мэргэжлийн” ажилладаг бол галд тэсвэргүй материалаар барьсан барилгыг хүлээж авах байсан уу. Газар хөдлөлт, гамшиг, аюул болсных нь дараа харамсаж, халаглах бус, анхнаасаа л аюулгүй, эрсдэлгүй байшин, барилга барихад олон талын хяналтыг сайжруулах шаардлагатай. Хяналтаа чангаруулж, стандартаа мөрдөхийг л төрийн байгууллагынхан шахаж шаардахаас биш, төөрдөг байшин шиг тал тал тийш нь иргэдийг явуулах нь энэ хэрээр хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил гаарах үндэс болсоор байна.