Санхүүжилт, эргэн төлөлт нь хэл ам дагуулж, АТГ-аар шалгуулахдаа тулсан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг аудитын байгууллагаас шалгаж эхэллээ. Үндэсний аудитын газраас тус сангийн 2017-2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хийх аудитыг өчигдрөөс эхлүүлэв. Боловсролын зээлийн сангийн эрх зүйн актын зохицуулалт, сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын чиг үүргийн болон гэрээний хэрэгжилтэд аудит хийж, үр дүнг УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад энэ аудитын зорилго чиглэж буй аж. Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням аудитыг нээж, төлөвлөгөөг танилцуулан аудитын явцад анхаарах шаардлагатай зарим асуудлаар мэдээлэл өгсөн юм. Аудитад Сангийн болон Боловсролын яам, Боловсролын зээлийн сан зэрэг байгууллагыг хамруулах аж.