Узбекистанд үргэлжилж буй Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq-2025” уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин, Тайландын “Roojai insurance“ багийн легионер, ОУХМ Б.Тэгшбаяр хурд сорьж байна. Тэрбээр Газалкент хотод болсон эхний өдрийн ганцаарчилсан цуваа гараатай 30 кмын уралдаанд 35 минут 34 секундийн амжилтаар (дундаж хурд 50.609) түрүүлж, тэмцээнийг хошуулчилж явна. Манай тамирчин өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлэхдээ эхний гарааг мөн авч байсан бөгөөд энэ удаад цагаа хоёр минутаар ахиулж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Түүнээс гадна АНЭУ-ын “UAE ministry of defence cycling” багаас уралдсан ОУХМ Б.Марал-Эрдэнэ тэргүүн байрт шалгарсан тамирчнаас хоёр минут 59 секунд хоцорч (46.693) 15 дугаар байр эзэлжээ. Тус тэмцээний хоёр, гурав дахь гараанд тамирчид бөөн уралдаж, аваргаа тодруулна. Б.Тэгшбаяр өнгөрсөн жилийн тэмцээнд нийлбэр дүнгээр түрүүлж, С.Жамбалжамц III байрт орсон юм.