Эгэл ардын хүүхдүүд олноороо шахмал түлшинд угаартаж, мөн золгүй тохиолдлоор галд үрэгдсээр байхад эрхэм сайд, дарга нар ганц ч үг ганхийдэггүй. Ядахдаа, УИХ дахь эмэгтэй гишүүд нь ч эхийн сэтгэлээр эмгэнэл илэрхийлчихдэггүй. Тэгсэн хэрнээ Ерөнхий сайдыгаа магтах болохоор бүгд хэлд орж, тэнгэрт тултал “өргөх” аж. Үүний сонгодог жишээгээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа тодров. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хачин их “хайртай”-гаа уржигдархан нийгмийн сүлжээнд илчилсэн юм. Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд гарсан галын хохирлыг төрөөс барагдуулна гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэлд түүний “хатан ухаан” ийнхүү нугарчээ. Тодруулбал, Д.Үүрийнтуяа цахим хуудсандаа энэ талаар “Хөвсгөл аймаг дахь “Шинэ мөрөн” худалдааны төвийн түймэрт хохирсон иргэдийг үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхэд Улсын онцгой комисс (УОК)-оос 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хойд бүсийн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдлээ.
Ерөнхий сайддаа, УОК-т баярлалаа” гэсэн байв. Засгийн газрын тэргүүнээ овог, нэр, улс, угсаатай нь ийнхүү айхавтар мандуулж. УОК-ынхон хэзээнээс галын хохирол барагдуулдаг болчихсон юм бэ. Үүнийг нь сонссон гишүүн Д.Үүрийнтуяа хахаж цацталаа баярласан хэрэг үү. Үлгэр шиг энэ үгэнд нь иргэдийг итгэнэ гэж бодсон юм байх даа. Уучлаарай гишүүн ээ, УОК-ын мөнгө гэж угаасаа байхгүй. Төрөөс тусгай чиг үүргийнхэнд хуваарилдаг, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Боломжийн үзүүлэлттэй, агаараас гал түймэр унтраах зориулалттай нисдэг тэрэг олон улсын зах зээлд 4-5 тэрбум төгрөг гэж буй. Бидэнд нэг ч ийм онгоц байхгүй атал Ерөнхий сайдаасаа эхлээд УОК-ынхон нь хүртэл улс, бүсийн хурал чуулган хэсэж, ийн попорч явах нь ямар хөөрхийлөлтэй вэ. Хоёр давхар, 260 орчим түрээслэгч худалдаа наймаа эрхэлдэг, “Шинэ мөрөн” худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмчийнх гэнэ.
Захад энэ сарын 14-нд гал гарсан бөгөөд юунаас болсныг нь одоо болтол эцэслэн тогтоогоогүй. Ямартай ч хохирлын хэмжээг 5.2 тэрбум төгрөг гэж тооцож буй аж. Түрээслэгчдийн энэхүү хохирлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс төлж барагдуулахаар болсныг Ерөнхий сайд хойд бүсийн зөвлөлийн хуралдаанд мэдэгдсэн байна. Ингэхдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээлийн шугамаар шийднэ гэжээ. Галын шалтгаан нөхцөлийг тодруулж, түрээслэгчдийн хохирлыг зохих журмын дагуу барагдуулахын оронд төр шууд гар “дүрж”, хариуцлага үүрч буй мэтээр жүжиглэх нь ёс зүйд нийцэхгүй. Дүнжингаравын уулзварт болсон хийн дэлбэрэлтэд өртөж, орох оронгүй болсон өчнөөн өрх одоо болтол “гудамжинд” амьдарч буй. Харин төрийн мэдлийн зах шатаад 14 ч хонолгүй түрээслэгчдийнх нь хохирлыг барагдуулчхаж байна. Тэгвэл бусад галын хэргүүдийг ч ингэж хурдан шийдэж, иргэдийг хохиролгүй болгоё, Ерөнхий сайд аа.
О.Ундрах