“Аав аа, номын санд яагаад шувуу жиргээд байгаа юм бэ” хэмээн Монголын үндэсний номын санд зочилсон бяцхан зочин гайхан асуув. Тэр ийн асуух болсон нь уг номын санд өчигдөрхөн нээ¬сэн “Бүтээлч байгаль танхим”-д зочлоход нь шувуудын жиргээ сонсдсонтой холбоотой. Эл танхимын хаалгыг нээхэд л шувуудын жиргэх дуу сонстож, шинэхэн ногооны үнэр хамар цоргино. Хүүхдүүдэд экологийн боловсрол олгох зорилгоор шувуудын дуу чимээгээр “угтаж” буй нь энэ гэнэ шүү. Номын сан дахь ногоон “байгууламж” хэмээн тодорхойлбол зохих мэт авч тэнд байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалсан, танин мэдэхүйн боловсрол олгох олон хэсэг бий. Тухайлбал, “Гар урлал”, “Уран зураг, бүтээл”, “Цэвэрхэн дэлхий”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Байгаль экологи” гэсэн агуулгын хүрээнд танхимыг тохижуулсан юм байна. “Цэвэрхэн дэлхий” буланд “Хаягдал даавуу, хуванцар зэргийг хэрхэн дахин ашиглаж болох вэ” гэсэн асуултын хүрээнд хүүхдүүдэд сургалт явуулах аж. Ингэхдээ мэргэжлийн багш нартай хамтрахаар төлөвлөжээ. Харин “Шинжлэх ухааны танин мэдэхүйн” буланд огторгуй ертөнцийн үүсэл, нарны аймгуудын талаар мэдээлэл бэлтгэж.
Түүнчлэн эл танхимд байх одон орны дуран бол шинжлэх ухаан, танин мэдэхүйн булангийн нэгээхэн хэсэг. Эдгээр агуулгын хүрээнд долоо хоног бүр ялангуяа амралтын өдрүүдэд мэргэжлийн багш нарын зааварчилгаагаар сонирхолтой сургалт зохион байгуулна. Ойрын хугацаанд буюу энэ амралтын өдрөөр цэцэг тарих өдөрлөгтэй. Цэцгийн сав, үрсэлгээ гээд бусад багаж хэрэгслүүд нь ч танхимд бэлэн бий. Үүний дараа “Тусгай хамгаалалттай газрыг хэн сайн таних вэ” сэдэвт АХА тэмцээн болох аж. Экологийн боловсрол олгох “Бүтээгч байгаль” төслийн хүрээнд “Оюуны хөгжлийн институт” ТББ нэг сарын хугацаанд дээрх танхимыг тохижуулжээ. Уг төслийн удирдагч Д.Адъяа “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр экологийн доройтлууд эрчимжиж байна. Ийм үед бидний хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт бол хүүхдүүдэд байгалиа хайрлах ухамсар төлөвшүүлэх явдал. Тиймээс бид богино хугацаанд Монголдоо анхдагч гэж хэлж болох цогц танхимыг ашиглалтад орууллаа” хэмээв. Ташрамд дурдахад, дээрх танхимд ангиараа, клубээрээ гээд олноороо зочлох бол “Бүтээлч байгаль танхим” цахим хуудсаар дамжуулан захиалга өгөх гэнэ.
А.Үүл