2023 онд таван аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэж буй. Өнгөрсөн өдрүүдэд буюу долдугаар сарын 27, 28-нд Архангай, Хэнтий, Завхан, Төв аймаг тэгш ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ өдрүүдэд Хан Тайшир уулын аймаг, Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Алтай хот дахь "Хан Тайшир" спорт цогцолборын нээлт боллоо. Нээлтэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар болон Мэргэжлийн Сүмо бөхийн 70 дахь аварга /Ёкозүна/ Д.Бямбадорж болон нутгийн удирдлагууд, хандив өргөсөн иргэд, байгууллагын төлөөллүүд оролцлоо.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монголчууд өдөр бүр 100 жилийн ой тэмдэглэхгүй. Тиймээс аймгууд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгааг төр засгийн түвшинд төдийгүй ард иргэд ч ойлгож хүлээж авах хэрэгтэй байгаа юм. Учир нь манай улсад хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа алсарсан. Тийм ч учраас бид Хөдөөгийн хөгжлийн сэргэлтийн бодлогыг тусгайлан боловсруулсан. Хөдөөгийн хөгжил сул байгаа нь Улаанбаатар хотод хэт төвлөрөл үүссэн, эдийн засгийн гол эргэлт тэнд өрнөж байгаатай холбоотой. Ийм нөхцөлд орон нутагт эдийн засгийн эргэлтийг бий болгох нэг хөшүүрэг нь баяр наадам, арга хэмжээ байдаг. Жишээлбэл, нэг аймгийн 100 жилийн ойд багадаа 10 мянган хүн цугларч, гурав хонолоо гэхэд нэг хүн өдөрт 50-100 мянган төгрөгийг тухайн орон нутагт үлдээгээд явна гэсэн үг. Энэ нь эргээд орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулж байгаа сайн зүйл гэдэг талаас нь ойн баяр наадмыг хүлээж авах хэрэгтэй” гэлээ.