Сүүлийн үед ӨМӨЗО-нд үндэсний хэл, боловсролын орчинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсад буй элэг нэгт монголчууд нийтээрээ эмзэглэж сууна. Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Мөн үүнтэй зэрэгцэн олон салбар байгууллагын төлөөлөл, ТББ-уудын төлөөллүүд жагсаал зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр Монголын бурхан шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбооноос БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Ид хандан өргөх бичиг мэдүүлжээ. Уг бичигт дараах зургаан зүйлийг тусгажээ.
Үүнд:
- БНХАУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд үндэсний цөөнхийн эх хэлээ ашиглах эрхийг хорьж болохгүй гэж заасныг бид сануулж байна.
- ЮНЕСКО 2013 онд монгол бичгийг яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн авсан тул БНХАУ монгол бичгийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээсэн болохыг, мөн уг бичгээр сурч боловсрох нөхцөлөөр хангах хэмжээг авах ёстойг бид мөн сануулж байна.
- БНХАУ-ын Засгийн газар Хятад дахь үндэсний цөөнх болсон монгол үндэсний оршин тогтнохуйг хамгаалж, хэл соёл, уламжлалаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдэгт бид итгэж байна.
- БНХАУ-ын Засгийн газар Хятад дахь монгол үндэсний хэл, боловсролын орчинд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахдаа хүний эрхийг хүндэтгэх, үндэсний цөөнхийг хамгаалах асуудлыг хүч үл хэрэглэн, тайван замаар шийдвэрлэх зарчмуудыг удирдлага болгоно гэдэгт бид найдаж байна.
- ӨМӨЗО-ны монгол сургуулиудад хятад хэлээр сургалт явуулах шийдвэрийг БНХАУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйл болон БНХАУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтуудыг үндэслэн, монгол үндэстнүүдийн төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг хүндэтгэн эргэн харж, шийдвэрээ цуцлахыг бид шаардаж байна.
- Энэхүү өргөх бичгийг БНХАУ-ын холбогдох эрх бүхий байгууллагад уламжлахыг Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И танаас бид хүсэж байна гэжээ.