Олон улсын уулчдын холбооноос Швейцарын Саас-Фи хотод “Дэлхийн цом”-ын II цуврал тэмцээнийг энэ сарын 23-25-нд зохион байгуулсан. Манай улсын багаас эмэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт, аялал жуулчлалын ангийн оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ аварга боллоо. Монголын мөсөнд авиралтын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, “Дэлхийн цом”-оос анх удаа алтан медаль хүртсэн тэрбээр өмнө нь БНСУ-д энэ сарын эхээр болсон эхний цувралаас мөнгө, Азийн АШТ-ээс алт, өнгөрсөн жил Канадын Эдмонтон хотод зохион байгуулсан ДАШТ-ээс хүрэл медальтай ирж байв. Эрэгтэйчүүдээс хурдны төрөлд “Дэлхийн цом”-ын аварга, “UB hiking” клубийн тамирчин, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медаль гардав. Түүний хувьд БНСУ-д “Дэлхийн цом”-оос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаараа 2024 онд чансаагаараа тэргүүлсэн билээ. Тэгвэл Н.Хэрлэн VII, спортын мастер О.Сайханжаргал 27 дугаар байр эзэлсэн байна. Манайхан Францын Шампэйн-эн-Вануаз хотод энэ сарын 31-нээс ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх гурав дахь цувралд өрсөлдөх юм.