Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Банзрагч, Л.Түвшинбаатар нар өмгөөлөгчдийн хамт анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргасныг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Дээрх хоёр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй бөгөөд анхан шатны шүүхээс оноосон ял хүндэдсэн гэж давж заалдах гомдол гаргасан юм байна. Уг нь тэдэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны аравдугаар сарын 14-нд хэлэлцээд Д.Банзрагчийг их хэмжээний хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял шийтгэж, шан харамжид авсан 21.6 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Харин түүнд хахууль өгсөн Л.Түвшинбаатарт зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хассан билээ.
Д.Банзрагч “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдоод удаагүй байхдаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, дөрвөн зүтгүүр засуулах тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан байдаг. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд хамаарал бүхий хүмүүсийнхээ данс, аж ахуйн нэгжийг ашиглан мөнгө шилжүүлүүлж улмаар “Тоёота корпорац”-ын албан ёсны борлуулагчдын нэг “Топ моторс” ХХК-иас авсан “Ланд круйзер-300” загварын автомашиныхаа урьдчилгаанд төлсөн гэдэг. Мөн уг машиныхаа гадна хамгаалалтын хуулгын төлбөр 6.8 сая төгрөгийг Л.Түвшинбаатараар төлүүлэх замаар хахууль авсан байдаг.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдний гомдлыг хянаад Эрүүгийн хуулийн 6.7-1.3 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заалтын үндэслэн хорих ялыг нь багасгав. Өөрөөр хэлбэл, Д.Банзрагчид нэг жил, Л.Түвшинбаатарт таван сар хорих ял шийтгэлээ.