УИХ-ын сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч гээд нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэд сонгуулийн зардлын тайлангаа Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлж, хянуулах хуулийн зохицуулалттай. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57.3-т “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу дээрх нэр дэвшигчид энэ сарын 24-ний дотор багтаан тайлангаа хүргүүлэх учиртай. Одоогоор хэчнээн нь тайлангаа ирүүлсэн талаар ҮАГ-ынхнаас тодруулахад мэдээлэл өгөх боломжгүй гэв. Харин нам, эвслүүд ирэх сарын 9-ний дотор дээрх тайлангаа гаргах юм. Тус газрынхан 60 хоногийн дотор үүнийг хянаж, дүнг нийтэд мэдээлэх аж.
Түүнчлэн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх юм. Уг тайланд орлогыг эх үүсвэртэй нь, хандивлагч иргэн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл, зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээ, үлдэгдэл хөрөнгө зэргийг багтаах ёстой аж. Зөрчлийн тухай хуулийн 17.1.25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянга, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.