2022 оны арваннэгдүгээр сард дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрсэн. Энэ үзүүлэлт 2050 он гэхэд 10 тэрбумд хүрэх тооцоолол бий. Эдгээр хүн амын 50 хувь нь хотод амьдардаг бөгөөд 2045 он гэхэд дээрх бүсийн иргэд 6 тэрбумд хүрнэ. Ийнхүү дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хотуудын оршин суугчдын тоо нэмэгдэж, хотжилттой холбоотой автозамын түгжрэлийг хэрхэн шийдвэрлэх гарцыг хайсаар байна. Зарим улс орнууд дараах алхамуудыг хэрэгжүүлжээ.
Үүнд:
- Гэрлэн дохионы удирдлагыг оновчтой болгох
- Замын нөхцөл байдлыг CCTV-ээр хянах
- Замын хөдөлгөөний хууль тогтоомжийг мөрдүүлэх
- Автобусны маршрутыг сайжруулах
- Оршин суугчдын зогсоолын бүсийг өргөтгөх
- Ажлын байрны зогсоолын төлбөр
- Унадаг дугуйн дэд бүтцийг сайжруулах
- Автобусны үйлчилгээг сайжруулах
- Машины зогсоолд тавих хугацааг багасгах
- Inbound Flow Control ашиглах
- Түгээлт, хүргэлтийг оновчтой болгох
- Төмөр замын сүлжээг өргөтгөх
- Стратегийн авто замын сүлжээний уян хатан байдлыг хангах
- Замын үнэ
Өөрөөр хэлбэл, хотын төвөөр явах автомашинд татвар ногдуулах, төлбөртэй бүс тогтоохоос өмнө дэд бүтэц, автобусны маршрутын менежментийг шинэчлэх асуудалд анхаарлаа хандуулж байна. Мөн дэлхий дахинд замын түгжрэлийн эсрэг хэрэгжүүлж байгаа зарим туршлагыг танилцуулъя.
Дани: Нийтийн тээврийн нэгдсэн системийг ашиглаж байна
Данийн нийслэл Копенгаген хот нь замын түгжрэлээс зайлсхийх, багасгах зорилгоор нийтийн тээврийн нэгдсэн системийг ашиглаж байна. Мөн автомашин унаснаас илүү эдийн засаг, байгаль орчинд ээлтэй аргуудыг сурталчлан таниулж, унадаг дугуй худалдаалах, түрээслэх цэгүүд, зогсоол зэргийг зааж өгдөг байна. Сурталчилгааны арга хэлбэрүүд үр дүнгээ өгч иргэдийн дунд автомашин унах нь буурснаар агаарын бохирдлыг 83 хүртэлх хувиар бууруулж чаджээ. Үүний дээр унадаг дугуйн хэрэглээг урамшуулах зэрэг арга хэмжээ авснаар Копенгаген хотын нийтийн тээврийн нэгдсэн систем ашиглагчдын 63 хувь нь унадаг дугуйтай иргэд болжээ.
Их Британи: Авто замын удирдлагын төвийн менежментийг нэвтрүүлжээ
Их Британи улс нь 2005 оноос авто замын түгжрэл, хурдны зам дээрх зам тээврийн ослыг бууруулах зорилгоор авто замын удирдлагын төвийг ухаалгаар шинэчлэн зохион байгуулжээ. Бусад хотуудын авто замын удирдлагын төвүүдтэй харьцуулахад тэд замын ачааллын мэдээлэлд тулгуурлан улс даяар хаана, хэдэн цагийн үед, ямар давтамжтай түгжрэл үүсэж, аваар осол болж буй талаар нарийвчлан судалдаг байна. Судалгааны тоон мэдээлэлд тулгуурлан замын тэмдэг, тэмдэглэгээ, хяналтын камер зэргийг хэрхэн ухаалгаар байршуулах шийдлийг хот төлөвлөлтөд тусгадаг.
Испани: Замын түгжрэлийн динамик мэдээнд суурилж зохицуулалт хийж байна
Испанийн Барселон хот нь утасгүй интернэтийн “WIFI” сүлжээнд бүрэн холбогдсон. Тус хотын удирдлагууд энэхүү давуу талаа ашиглан Барселон хотын авто зогсоол, замуудад мэдрэгч байршуулж, замын түгжрэлийг динамик байдлаар урьдчилан мэдээлдэг цогц шийдлийг нэвтрүүлжээ. Энэхүү мэдээллийг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар харж, өөрийн явах замаа сонгодог байна. Мөн замын түгжрэлийн динамик урьдчилсан мэдээ нь тус хотын авто тээврийн зохицуулалтын газарт хүрдэг. Авто тээврийн удирдлагын төв мэдээлэлд тулгуурлан авто замуудад түгжрэл үүсгэхгүй тулд гэрлэн дохио, нийтийн тээврийн явах цагийн хуваарийг зохицуулдаг.
Хятад: Нийтийн унадаг дугуйн цогц системийг нэвтрүүлжээ
БНХАУ-ын Хуанжоу нь дэлхийн хамгийн олон унадаг дугуй унадаг иргэд, дугуйн зам, түүнийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг хот юм. Тус хотын 3000 гаруй унадаг дугуйн ногоон зогсоолд нийт 67 000 түрээсийн унадаг дугуй бий. Иргэд өдөрт дунджаар 230 000 удаа унадаг дугуй түрээслэн унадаг байна. Хуанжоу хотын иргэд нийтийн тээврийн цахим картын тусламжтай унадаг дугуй түрээслэн унах боломжтой. Харин жуулчид бэлэн мөнгөөр унадаг дугуй түрээслэдэг.