Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Эхний үе шат буюу 2022-2024 онд боомтуудын дэд бүтцийг сайжруулж, ачаа болон зорчигч тээврийн хүчин чадлыг дээшлүүлэн, улмаар экспортыг нэмэгдүүлэхээр зорьсон. Тодруулбал, манай улсын тээвэр ложистикийн гол боомтууд болох Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Хавирга, Алтанбулагийг өргөтгөн шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй юм.
Энэ ажил Замын-Үүд боомтоос эхэлжээ. Замын-Үүд нь манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70, зорчигч тээврийн 30, гаалийн орлогын 15 хувийг дангаараа бүрдүүлдэг, ложистикийн гол боомт юм. БНХАУ-аас олгосон 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүдийнбоомтын дэд бүтцийг сайжруулж, ачаа болон зорчигч тээврийн терминалуудыг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлыг4-7 дахин нэмэгдүүлж эхэлсэн байна. Тус боомтод хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зорчигч, тээврийн хэсэгт 30, ачаа тээврийнхэд 28 барилга байгууламж барьж, хүнд даацын авто зам тавих, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажил хийхээр төлөвлөсөн аж. Одоогоор зорчигч тээврийн терминалыг бүрэн шинэчилж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр нэвтрүүлэх хүчин чадал зорчигч тээврийн хувьд гурав дахин нэмэгдэв. Харин ачаа тээврийн терминалыг долдугаар сар гэхэд бүрэн шинэчилж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ажлын явц 91 хувьтай гэнэ.
Бэлтгэсэн Г.Дайчин