Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзагийн хөндийг жуулчдын таалалд хамгийн их нийцсэн, аяллын шилдэг маршрутаар тодруулжээ. Аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Go Mongolia tourism awards-2024” ёслолын арга хэмжээний үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тус газрыг ийн үнэлсэн байна.
Дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны өлгий, Ази, Европыг холбосон цайны замын уулзвар гэгддэг Баянзаг хэмээх газрыг Өмнөговь аймаг орон нутгийн тусгай хамгаалалтдаа авч, соёлын өвийн менежментийн дагуу 2020 онд тохижуулсан юм. Тухайн бүсийн хамгаалал, аялал жуулчлалын үйлчилгээ, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, менежментийг Булган сумын иргэдийн “Баянзаг-Улалзах цонж” ТББ-д таван жилийн хугацаатай хариуцуулаад буй. Хамгийн сүүлд “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Баянзаг орчмыг эрчим хүчний сүлжээнд холбох, цайны зам дагуух “Тэмээн жингийн цуваа ” цогцолбор байгуулах ажлыг хийсэн. Тэгвэл энэ онд тус газарт 73 орны 34 мянга гаруй жуулчин зочилж, цайны зам, үлэг гүрвэлийн ул мөрөөр аялжээ. Энэ нь говийн бүсийн онцлох, гол маршрутад тооцогдож байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос онцлов. Ташрамд дурдахад, Өмнөговь аймаг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Баяндалай, Сэврэй сумын нутаг дахь Хонгорын гол, Ханбогд дахь Дэмчогийн хийдийг аялал жуулчлалын төв болгож хөгжүүлэхээр тохижилт, дэд бүтцийн ажлуудыг хийж буй гэнэ.