Сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар Швед улсад мөсөн зочид буудал барих томоохон төсөлд оролцжээ. Арктикийн тойргоос 200 км-ийн зайд орших, Шведийн Жуккасжаври хэмээх газарт дэлхийн хамгийн анхны цас, мөсөн зочид буудлыг 1989 онд байгуулсан түүхтэй бөгөөд тус улсын сийлбэрчид олон орны шилдэг уран бүтээлчидтэй хамтран жил бүр үүний загварыг нь өөрчилж, тохижуулдаг аж. 2019 онд 16 орны уран бүтээлчид тус төсөлд оролцсон байна. Харин энэ удаа Монголын мөсөн сийлбэрчдийг анх удаа хамруулсан нь онцлог байв.
Дэлхийд алдартай мөсөн зочид буудал цөөнгүй. Жуккасжаври дахь эл байгууламж хамгийн анхных гэдгээрээ онцлог учраас жилийн жилд жуулчдын хөлд дарагддаг гэнэ. Энэ нь цаг агаарын онцлогоос хамаараад ихэнхдээ арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Зочид буудалд байж болох, аялагчдад шаардлагатай бүхнийг сийлбэрчид мөсөөр урлаж, тохижуулдаг аж. Мөн мөсөн урлалын гайхамшгийг мэдрүүлэх бүтээлүүдийг жуулчдад зориулж хийдэг гэнэ. “Энэ буудалд хүмүүс хонож болох уу” гэсэн иргэдийн сониуч асуултад Ц.Мөнх-Эрдэнэ “Бололгүй яах вэ. Зочид буудал доторх агаарын температур хасах таван градус байдаг. Өдөр болгон зочид хүлээж авч, хонуулж буй. Дулаан хучлага, цаа бугын арьс нөмрөх боломжтой” гэж хариуллаа.
Ц.Мөнх-Эрдэнийн хувьд манай улсын өмнөө барьдаг шилдэг, туршлагатай сийлбэрч бөгөөд олон улс, дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг цөөнгүй удаа гаргаж байсан юм. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард Италийн Гаета хотод болсон мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Энэ удаа тэрбээр эхнэртэйгээ олон улсын томоохон төсөлд оролцов.