“Улаабаатар” дүрслэх урлагийн студи, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуультай хамтран дэлхийн урлагийн түүх, алдарт уран бүтээлчид, тэдний уран бүтээлийг таниулан сурталчлах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Синдром” арт шоуг уламжлал болгон зохион байгуулж буй. Эхнийхийг 2019 оны намар дүрслэх урлаг сонирхогчдод хүргэж, Винсент Ван Гог, Сальвадор Дали, Фрида Кало нарын сод зураачийн амьдралын түүх, тэдний содон бүтээлүүдийн талаар лекц болон урлагийн шоу үзүүлбэрийг толилуулсан. Тэгвэл удаах шоугаа Дүрслэх урлагийн академийн Онол, түүхийн тэнхимийн эрхлэгч, Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн багш, ОХУ-ын Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн төгсөгч, урлаг судлаач М.Аминаа уржигдар “Корпорэйт” зочид буудалд хүүхэд багачуудад болон насанд хүрэгчдэд зориулсан тусгай хөтөлбөрөөр хүргэв.
XIX зууны хоёрдугаар хагасаас XX зууны дунд хүртэл дэлхийн соёл урлагийн түүхэнд үүссэн олон урсгал чиглэлийг нэгтгэн модернизм гэж нэрийдэх болсон бөгөөд энэ нь зөвхөн утга зохиол, хөгжим, дүрслэх урлаг, соёлын салбарыг хамраад зогсохгүй хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээнд хувьсгал авчирсан түүхэн үзэгдэл болсон юм. “Синдром” арт шоугаар энэ удаа модернизмын төлөөлөгчдийг онцолсон. Тодруулбал, Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс нарын алдарт зураачийн намтар түүх, бүтээлүүдийн тухай байлаа. Мөн модернизмын чиглэлээр бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Анри Матиссын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжиг, уран бүтээлч Я.Булганы өрөг бүтээл, уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээлийг толилуулсан.
Пабло Пикассогийн “А.Матиссаас хойш өнгө будаг гэж юу байдгийг жинхэнээр нь ойлгодог ганц зураач үлдсэн нь М.Шагал” хэмээж байсанчлан “Синдром” арт шоу Марк Шагалын ертөнцөөр “аялуулж” эхэлсэн. Түүний уран бүтээлүүдээс сэдэвлэсэн комтемпорари үзүүлбэрээр энэ хэсэг эхэлж, үргэлжлүүлэн урлаг судлаач М.Аминаа лекцээ хүргэсэн. П.Пикассог “Урлагийн хэв маяг, чиглэлээ оймс шиг солих юм аа” хэмээж байсан тэрбээр бүтээлүүдээрээ зэргэлдээх ертөнцийн гэмээр, эсвэл зүүд, мөрөөдөл гэмээр романтик орчин руу аялуулдаг. Орос, Франц, Америкт уран бүтээлээ туурвиж байсан ч тэрбээр Оросын бүрэлдэхүүнд байсан Беларусьт төрсөн еврей үндэстэн, хожим Францын иргэн болсон хүн. Тийм ч учраас түүний бүтээлүүдээс Оросын тосгон, тэр дундаа түүний төрж, өссөн Беларусийн Витебск хотоос холгүй Лионзо суурин нь “ханхалдаг”. Түүнчлэн Парисын гудамжууд, цор ганц хайрт эхнэр Беллагийнхаа дүрийг олонтоо бүтээдэг байжээ. Мөн тэрбээр шаггүй сайн шүлэгч байсан тул түүний зургуудад нь зүйрлэл, ёгт санаа, үндэстнийхээ онцлогийг товойлгосон илэрхийлэл элбэг. Үүнээc гадна цэнхэр, тод ногоон, ерөөс тэр маш тод өнгө ашигладаг, хүчтэй илэрхийлэлтэй учраас зургууд нь ч далд бэлгэдэл ихтэй. Тэрбээр “Бидний амьдрал болон зураачийн будгийн хавтан хоёрт нэгэн ижил өнгө байдаг нь хайр” хэмээж байв.
“Синдром” арт шоуны удаах хэсэг Францын зураач, фовизмын чиглэлийг үндэслэгч Анри Матиссын түүхээр үргэлжилсэн. Авангард болон модернизмын үеийн уран бүтээлчид хүмүүний сэтгэлийг “хүрздэж”, бодит амьдралын бараан талыг ил тод харуулахыг хүсэж байсан бол Анри Матисс “Би зүгээр л ядарсан нэгэн миний бүтээлийг хараад тайвшрал, аз жаргалыг мэдрээсэй л гэж хүсэж байна” хэмээжээ. Францын Ле Като Камбрезид төрсөн Анри Матисс хуульч болохоор зорьж байв. Ажилд ч ороод амжиж. Харин 1890 онд мухар олгойн эмчилгээ хийлгэж, хоёр сар гаруй гэртээ байх үедээ зураг сонирхож, түүнээс хойш зураач болохоор эрс шийдсэн гэдэг. Түүний эхэн үеийн бүтээлүүдэд реалист зургууд зонхилж байсан ч яваандаа Винсент Ван Гог, Поль Гоген нарын нөлөөг аван, чөлөөт өнгө сонгон зурах болсон байна. 1905 онд “Намрын салон”-д хэдэн бүтээлээ тавьжээ. Түүний дотор “Ногоон бүрх малгайтай эмэгтэй” зураг нь авангард урлагт фовизм гэж нэрлэгдсэн шинэ урсгалыг буй болгосон түүхтэй. Түүнээс гадна Андре Дерень, Морис де Вламинк нарыг ч фовизмын үндэслэгчид хэмээдэг. Зарим хүн түүний бүтээлүүдийг хараад “Хүүхэд ч ингэж зурж чадна. Юу нь тийм гайхалтай юм бэ” гэж гайхдаг. Харин судлаачид тэдэнд “Нэгдүгээрт, зургийн талбайн хаана, юу зурах, яаж байрлуулахаа Матисс сайн мэддэг. Хоёрдугаарт, хүнд, цөөн өнгө голчлон ашигладаг боловч энэ нь үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлж чаддаг. Гуравдугаарт, дүрсэлж буй зүйлийнхээ “агаар”-ыг илэрхийлэх чадвар” хэмээн дуу нэгтэй хариулдаг.
Шоу хүмүүсийн сайн мэдэх Пабло Пикассогийн амьдрал, уран бүтээлээр үргэлжлэв. Энэ хэсэгт түүний уран бүтээлээс сэдэвлэсэн контемпорари бүжгийг Н.Баярбаатар толилуулсан.
Хэдийгээр олонх хүн түүний нэрийг мэддэг ч уран бүтээл, бүтээлүүдийнх нь онцлогийг тэр бүр мэддэггүй, ойлгодоггүй. Тийм ч болохоор хүмүүс П.Пикассог нэг бол хайрладаг, эс бөгөөс үзэн яддаг болов уу. Харин тэрбээр “Миний ээж надад “Чи цэрэг болбол генерал, хувраг болбол хамба лам бол” гэдэг байв. Харин би зураач болоод П.Пикассо болсон юм” хэмээсэн удаатай. Пабло Пикассогийн уран бүтээлийг 1900-гаад оноос өмнөх үе, цэнхэр үе, ягаан үе, модерн үе гэх зэргээр тоймлож болдог. ХХ зууны агуу зураачдын нэг, уран зурагт кубизмын урсгалыг Жорж Брак, Хуаном Грис нарын хамт үндэслэсэн тэрбээр эв нэгдэл, энх тайвны бэлгэдэл цагаан тагтааг анх тэр л зурж байсан ч амьдралын хэв маяг, үзэл санаа нь их зөрчилтэй нэгэн байсан аж. Кубизмыг үндэслэн сюрреализм, авангард урсгалыг зоригтой шүүмжлэхийн сацуу тэдгээр нь улам бүр эрч хүчийг нь оргилуулж байсан юм. Рафаель шиг зурахад дөрвөн жилийг зарцуулж, харин хүүхэд шиг зурахын тулд бүх л амьдралаа зориулсан тэрбээр уран зургаас гадна график зураасан зураг, баримал, керамик төрлөөр амьдралынхаа туршид 20 мянга орчим бүтээлийг туурвижээ.
Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булган “Бидний өнгөрсөн түүх ямар байсан, зураач нар урлагт ямар ул мөрөө үлдээснийг эргэн харж, хүүхдүүдэд урлагийн боловсрол олгохыг зорьж буй. Тийм ч учраас “Синдром” арт шоуг хамтран зохион байгуулдаг” хэмээсэн бол М.Аминаа “Урлагийн тухай мэдээллийг хүргэх шинэлэг хэлбэр учраас сонирхолтой байлгахыг хичээлээ. Зөвхөн онолын мэдлэг өгөх биш, мэдрэмж төрүүлэх учиртай. Үзэгчид урлагийг амьдралд ойр зүйл юм гэдгийг мэдэрч, эцэст нь өөрийгөө ойлгоод гарсан бол миний зорилго биелнэ” гэсэн юм.
Бэлтгэсэн А.Тайшир