ШУТИС-ийн багш, доктор Д.Хатанбаатар тэргүүтэй археологичид өнгөрсөн зургадугаар сард Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Ямаан ус хэмээх газраас язгууртан, энгийн иргэний 200 гаруй булш илрүүлсэн юм. Тэгвэл тэд энэхүү малтлага, судалгаагаа үргэлжлүүлэх явцдаа алтан тоногтой модон авс илрүүлжээ. Хүннүгийн язгууртны түүх, соёлд холбогдох, уруу харсан пирамид хэлбэртэй авсыг дагалдуулан сүйх тэрэгний модон тэвш, үнэт чулуун эдлэл зэргийг булсан байж. Археологичид уг олдворуудыг лабораторид сэргээн засварлаж, бэхжүүлсний дараа музейд үзмэр болгож тавих төлөвлөгөөтэй буй гэнэ. Ташрамд дурдахад, тус экспедицийнхэн Завханаас анх удаа Хүннүгийн язгууртны булш илрүүлсний дараа “Ямаан ус” төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо тэнд зургаан байгууллагын 20 гаруй судлаач хоёр сар орчмын хугацаанд ажиллаж байна.