Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр шүүх хурал болж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханыг тавдугаар сарын 5-ны дуустал цагдан хорих шийдвэр гаргалаа. Түүнд Эрүүгийн хуулийн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
19.6 дугаар зүйл. Хорлон сүйтгэх
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
М.Энхсайханы намтар:
Тэрбээр ерөнхий сайдын албан тушаалд томилогдохоос өмнө 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга,1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, 1992-1993 онд Улсын их хурлын гишүүн, 1993 онд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол улсын ерөнхий сайдаар томилогдож ажилласан байна.
Мөн ерөнхий сайдын албан тушаалаас хойш 1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК захирал, 2003-2005 онд Арчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга, 2006 оны 1-р сараас 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайдаар томилогдон ажиллаж байв.
2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний шинэ намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. Мөн 2011 онд тус нам нэрээ Монгол үндэсний Ардчилсан нам болгон солиход даргаар нь сонгогдож байжээ.
2014 оны 12 сард Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон, Таван толгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн үр дүнд Сайханбилэгийн засгийн газар огцроход ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэгвэл нэгэн цаг үед Монголын нөлөө бүхий улс төрч байсан тэрбээр 1996 оны 10 сард ерөнхий сайд болоод удаагүй байхдаа “Өнөөдөр сонин”-д өгсөн сонирхолтой ярилцлагыг П. Жасрай гуайн “Шинэ ерөнхий сайд надаас зөвлөгөө авъя гэж хэлээгүй байгаа” гарчигтай ярилцлагын хамт уншигч та бүхэндээ хүргэж байна.
Энд ДАРЖ уншина уу.