М.Энхсайхан: Амьдарсан амьдралаа эргүүлж санахад алдсан зүйл байдаг (1996 он)

Монголын нөлөө бүхий улс төрч байсан Ерөнхий сайд асан М.Энхсайхан 1996 оны 10 сард ерөнхий сайд болоод удаагүй байхдаа “Өнөөдөр сонин”-д өгсөн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

"MN-25 дугаар суваг" телевиз, "MN-Өнөөдөр" сонинд Ерөнхий сайд М.Энхсайхан өгсөн ярилцлага

-Юуны өмнө таныг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайдын өндөр албан тушаал хашиж байгаад MN өнөөдөр сонины уншигч MN 25 дугаар суваг телевиз үзэгч, "ЖААГ" радио сонсогчдын өмнөөс баяр хүргэе.

-За баярлалаа. Манай түүхчдийн зарим нь намайг 14 дэх ерөнхий сайд гэж байхад зарим нь 16 дахь гэдэг юм билээ. Түүнийг нь түүхчид өөрсдөө тодруулна биз ээ.

-Би асуултаа нэг талаар Монгол улсын Ерөнхий сайдад, нөгөөтэйгүүр иргэн Энхсайханд хандаж тавья гэж бодож байна. Тэгэхээр монголчууд хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг. Энэ нь аливаа хүн ирээдүйд хэн болох вэ гэдэг нь хүүхэд насанд төлөвшдөг гэсэн үг болов уу. Ингэхэд 7-гийн "б"-гийн Энхсайхан гэж тэр үед ямар хүүхэд байв?

-Манайх таван хүүхэдтэй айл. Би дээрээ ахтай дороо гурван дүүтэй. Олон хүүхэдтэй айл ямар байдаг вэ тийм л орчинд өссөн. Нэг айлын таван хүүхэд өөр өөрийн араншинтай байдаг. Би хувьдаа аль болохоор аав, ээждээ дарамт учруулахгүй юмсан гэж боддог.

-Ингэхэд иргэн Энхсайхан, Ерөнхий сайд Энхсайхан хоёрын дотоод зөрчил амьдралд хэр их гарч байна вэ?

-Тэгэхээр юу л даа... Асуулт бол гоё асуулт байна(Инээлдэв). Иргэн Энхсайханыг Ерөнхий сайд Энхсайханаас салгахад жаахан хэцүү л д ээ. Би Ерөнхий сайдын албаа гүйцэтгэхдээ өөрийгөө иргэн хүмүүн гэж бодож явдаг. Иргэнийхээ үүргийг гүйцэтгэхдээ би Ерөнхий сайдын ажлаа яаж зөв хийх вэ л гэж боддог. Тэгээд ч нэгэн биеэ хоёр хуваах аргагүй юм.

-Намын үзэл бодол, хувь хүний үзэл бодлын хооронд хэр зөрүү байдаг вэ?

-Түрүүчийнхтэй л ойролцоо асуулт байна. Төдийлөн хол зөрүү байхгүй. Гол нь асуудлыг зөв танин мэдэхэд хамаг учир байгаа юм. Тухайлбал манайхан нийгмийн асуудал, нийгмийн хамгаалал гэдгийг хуучин байдлаар ойлгодог. Тиймээс ч түүнийг юу гэж ойлгох вэ гэдэг дээр цоо шинэ ойлголт хэрэгтэй болж байна. Эндээс үүдээд л намын нөхөдтэйгөө болон бусад хүмүүстэй маргах явдал гардаг. Гэхдээ энэ бүхэн нэг л зүйлийн төлөө явж байгаа болохоор эцсийн дүндээ нэг зорилгод хүрч л таараа. Тэр дундаа манай намынхан зовлон дундуур туучаад сурчихсан хүмүүс учир бие биенийгээ амархан ойлгодог. Чухамдаа бид үгээ хагас хэлэхэд л бие биеийнхээ хэлэх санааг ойлгож чаддаг. Тиймээс ч бидний үйл ажиллагаа нэгдмэл байдаг хэмээн хэлэх байна.

-Та өөрийнхөө өмнөх 10 гаруй Ерөнхий сайдаас чухам хэнийг нь үнэлж явдаг вэ?

-Хэн нэгнийг онцолж хэлэхийн тулд тэдний туулсан зовлон бэрхшээлийг ойлгож ухаарах учиртай. 1920-иод онд манай нийгмийн байдал тун хүнд байсан гэдэг. Тэр үед уулс орноо яаж хүнд байдлаас гаргачих вэ гэж бодож зүтгэж явсан хүмүүс миний сэтгэлийг татаж хүндэтгэлийг минь хүлээдэг. Түүнээс хойшхи үйл явдал бол өөр, чухамдаа зэргэлдээх большивик намын нөлөөнд орсон үе байсан тул миний сэтгэлд нэг их сэтгэгдэл төрүүлдэггүй. Гэхдээ зовлон бэрхшээл туулж ихэнх нь хэлмэгдсэн хүмүүс бидний зүрх сэтгэлийг таталгүй яахав.

-Өөгүй хүн гэж байдаггүй л дээ. Таны хувьд амьдралдаа хийсэн алдаа гэх зүйл бий юу?

-Хэн ч гэлээ нэг жилийн дараа амьдарсан амьдралаа эргүүлж санахад алдсан зүйл байдаг л даа. Ажил хийж байгаа хүн алдаа хийхгүй яахав. Энэ бол хүн бүрт байх зүйл. Гагцхүү нэг хийсэн алдааг давтахгүй байх л чухал. Дахин дахин алдана гэдэг хөгжил биш. Миний баримталдаг зарчим бол алдаагаа давтахгүйд оршдог. Нөгөөтэйгүүр алдаа хийчихнэ гээд айгаад байвал юу ч хийж чадахгүй л дээ.

-Та Монголын эдийн засаг дахь хонгилийн үзүүрийн гэрлийг харж байна уу?

-Хонгилийн үзүүрт гэрэл харагдлаа ч гэх юм уу, онгоцны хошуу нэгэнт өөдөө хөөрлөө, бүр эсвэл бид ууланд гарчихаад эргээд уруудаж явна гэдэг бол чухамдаа өмнөх Засгийн газрын өөрсдийгөө магтах, хийсэн ажлаа дөвийлгөх гэсэн нэр томъёо. Бид ажилдаа ийм яриаг хэрэглэхгүй. Дээрх яриа нь бодит байдлыг олон түмэнд ойлгуулдаггүй. Тиймээс хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна уу гэдэгт хариулахгүй. Би Монголын эдийн засгийн ирээдүйтэй. Монголчууд шилжилтийнхээ хүдрэл бэрхшээлийг хамтран үүрэлцээд, зай завгүй язганатал хөдөлмөрлөж эдийн засгаа босгосон орон болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Энэ дөрвөн жил үү?

-Тийм


-Чөлөөт хэвлэлийг дэмжинэ гэсэн таны хувийн болоод эвслийн бодлого байгаа. Чухам юугаар яаж дэмжих вэ гэдэг дээр эвслийн Засгийн газар бодлого явуулах уу. Үүний зэрэгцээ радио, телевиз, <Ардын эрх>,<Засгийн газрын мэдээ> гээд том том хэвлэлийн талаар Засгийн газар ямар байр суурь, бодлого баримтлах вэ. Хуучин хэвээр, Засгийн газрын харьяалалд байсаар байх уу?

-Миний бодлоор чөлөөт хэвлэл гэж байдаггүй. Ямарваа сонин хэн нэгэн хүмүүст үйлчилдэг, гэхдээ чөлөөт хэвлэлийн тогтолцоо гэж бий. Түүнийг бид хүлээн зөвшөөрдөг. Бий болгох ч учиртай. Өөрөөр хэлбэл янз янзын үзэл бодол ашиг сонирхлыг янз бүрийн шугамаар нийгэмд хүргэж байдаг хэвлэлүүдийн радио, телевизүүдийн олоногийн тогтолцооны төлөө байна. Би энэ асуудлыг дэмжинэ. Тэр утгаар нь авч үзвэл засгийн газрын мэдээ Ардын эрхийн асуудал дээр эмзэглээд байх хэрэггүй юм.

Яагаад засгийн газар өөрийнхөө шийдвэрийг олон түмэнд хүргэж байх хэвлэлтэй байж болохгүй хэрэг вэ. Одоогийн нөхцөлд АЭ ЗГМ-д төр засгийн мэдээлэл давхардан гарч байгаа тал бий. Ард түмний татвараас орж байгаа хөрөнгөөр мэдээлэл давхардсан хоёр том сонин гаргах хэрэг байна уу гэдгийг ч бодож байгаа.

Хэн ч гэлээ нэг жилийн дараа амьдарсан амьдралаа эргүүлж санахад алдсан зүйл байдаг л даа. 

-Радио, телевизийн хувьд?

-Мөн адил. Одоогийн техник технологийн төвшинг харгалзах юм бол тэнд бас л монополь бүтэц байгаа. Магадгүй энэ байдлыг ойрын хугацаанд өөрчилж чадахгүй гэж үзэх юм бол радио, телевизийг бид үндэсний радио, телевизийн тогтолцоонд оруулах шаардлага гарч магадгүй. Тэнд бүх үзэл бодол, бүх эрх ашиг төсөөллөө олж яригддаг, үзэгддэг, харагддаг байх учиртай болов уу. Ингэж л нийгэм хөгжинө. Хэвлэлийн ийм чөлөөт тогтолцоотой болсноор нийгмийн бэрхшээл ил тод болно. Ингэснээр нийгэмд байгаа сөрөг үзэгдлийг төр засаг шуурхай хүлээн авч түүнийг засч залруулах бололцоо нээгдэнэ. Энэ ч утгаараа чөлөөт хэвлэл ардчилсан төр хоёр бие биеэ тулж, дэмждэг учиртай. Иймд бид чөлөөт хэвлэл, мэдээллийн тогтолцооны төлөө байгаа.

-Та их ажилтай хүн. Тэр бүр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаад байх зав байдаггүй байх. Тиймээс та энэ боломжийг ашиглан манай хэвлэл мэдээллийнхэн, түүнийг үзэгч, уншигч, сонсогчдод хандаж юу хэлэхсэн болоо?

-Юуны өмнө хэвлэл мэдээллийн ажилтнууд, тэр дундаа шинэ радио станц ажиллуулж, телевизийн шинэ суваг нээж, “Өнөөдөр” нэртэй шинэ сонин гаргаж шинэ маягаар ажиллах гэж эрмэлзэж байгаа та бүхнийг би сайшаан дэмжиж байна. Нийгэм чухамдаа өөрчлөгдөх ёстой. Манай сэтгүүлчид бол нийгмийн сэтгэлгээг хөтөлж явах учиртай. Түүнээс биш ямарваа зүйлд зөвхөн нэг талаас нь хандах учиргүй. Тэр үүднээс нь авч үзсэн ч өөрийн үүргээ биелүүлж, мэргэжлийнхээ чадварыг өндөрт авч явдаг сэтгүүлчид манайд олон бий.

Шинэ телевизийн суваг нээж байгаа танай хамт олон болон радиог сонсогч, сонины уншигчдад хандаж хамгийн сайн сайхныг хүсэхийн ялдамд та бүхнийг Засгийн газрынхаа үйл ажиллагаанд оролцож, ойлгож, шүүмжилж хамтарч ажиллана гэдэгт найдаж байна.


-Энхсайханы Засгийн газар зоримог алхам хийж байна. Энхсайхан зоригтой ажиллаж байна гэж байхад нөгөө хэсэг нь арай дэндэж байна уу даа гэх аястай байна. Таныг 1990 онд Ерөнхий сайдаар томилуулахаар АИХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс санал оруулж байсан юм билээ. Тэр үед та ерөнхий сайдаар томилогдсон бол зоримог алхам хийх байсан уу?

-Би энийг өөрөөс чинь анх удаа л сонсож байна. (Инээв). Энхсайханы зүгээс авч байгаа арга хэмжээ бол УИХ-ын олонхитой зөршилцөж, бодлого тохиролцож байж авч байгаа арга хэмжээ юм. Ерөнхий сайд дангаараа ч гэдэг юм уу засгийн газар дангаараа хийгээд байх нь буруу. Бодлоготой хийж байгаа асуудал. Бодлоготой хийж байна гэдэг чинь олон асуудлыг уялдуулж холбоод, цаана нь гарах эцсийн үр дүнг бага хэмжээгээр бүдүүвчилж тооцоонд авч байгаа арга хэмжээ. Тэрнээс биш толгойд орж ирсэн болгоныг хийгээд байгаа хэрэг биш. Түүнээс гадна Энхсайхан хийгээд байна ч гэдэг юм уу зоригтой хийгээд байна гэдэг хоосон чанарын асууудал.

-Орон сууцыг удахгүй хувьчлах нь гэсэн яриа байна. Эвслийн гэрээнд үнэгүй хувьчилна гэж байгаа. Засгийн газар мөнгөгүй болчхоод мөнгөтэй болохын тулд орон сууц хувьчлах гэж байна ч гэсэн яриа гадуур байх юм?

-Одоо удахгүй намрын чуулган дээр энэ асуудал яригдана. Ер нь үнэгүй хувьчлах чиг барьж байгаа. Үнэгүй хувьчилна гэдэг нь огт зардал мөнгө гарахгүй гэсэн үг биш. Дор хаяхад орон сууцаа өмчилж авах гэж байгаа улсууд гэрчилгээгээ солиулахаас өгсүүлээд, гэрчилгээ солиулахтай холбогдсон зардал асуудал гарна. Тэрнээс гадна манайд тэмдэгтийн хураамжийн тухай хууль байдаг. Тэр хуулийн дагуу өөр бусад тодорхой хуулиар зохицуулах асуудлууд гарна.

-Ер нь бол орон сууцыг үнэлнэ. Гэхдээ тэр үнээр нь худалдахгүй гэсэн үзэл баримтлалтай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.


Нэг үзэл бодолтой хүмүүс төрийн өндөрлөгт гараад ирэхээр авилгал бий болдог. Бүх юм хөшигний цаана явагдаж ямар ч хараа хяналтгүй байдаг манай төрийн тогтолцоо ийм бол юм.

Өмнөх төр тогтолцоог ярьж байгаа бол үнэхээр тийм. Яагаад гэхлээр хяналт тавих ямар ч бололцоогүй. Сөрөг хүчин гэх юм байгаагүй. УИХ-д сөрөг хүчин байгуулагдах ямар ч бололцоогүй байсан. Тиймдээ өнгөрсөн хугацаанд хариуцлага нэлээн суларсан авилгал ч газар авсан. Одоогийн тогтолцооны тухайд бодит үнэнтэй нийцэхгүй. Яагаад гэвэл УИХ төрийн эрх барих дээд байгууллагад 25, 26 хүнтэй сөрөг хүчин байна. Энэ бол маш хүчтэй хяналт тавих эрхтэй бүрэн бололцоотой хүмүүс. Тэрнээс гадна ёс зүй гэх мэт дэд хороодыг өөрсдөө толгойлж байгаа. Түүнээс гадна төсвийн зарцуулалтад хяналт тавих ажлыг зориудаар бид сөрөг хүчнийхний гарт хууль гаргаж байгаад өгсөн. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон тогтолцоонд таны тавьсан асуудал нийцэхгүй.

-УИХ болон Засгийн газрын гишүүд сонгуулийн үр дүнд өөрчлөгдөх нь зүй ёсны асуудал. Харин тангараг өргөсөн төрийн албан хаагчид бүтцийн өөрчлөлт болон цомхтгол нэрээр намын харьяаллаараа халагдах явдал түгээмэл боллоо гэж хүмүүс үзэж байна.

-Үнэнд нийцэхгүй. Яагаад гэвэл энэ асуудлаар хууль зөрчигдлөө гэж шүүхэд гомдол гаргасан нэг ч хүн байхгүй. Энэ бол орон нутгийн сонгуулийн өмнө сөрөг хүчнээс зориудаар явуулж байгаа улс төрийн явуулга, үйл ажиллагаа.

Эдийн засагчийн чинь хувьд ганц асуулт асууя. Суурь үнэ чөлөөлөгдөнө гэдэг ойлголт байх уу?

- Байгаа учраас шийдвэр гаргачихсан шүү дээ. УИХ-аас суурь үнэ чөлөөлөх тухай шийдвэр гаргасан. Засгийн газар УИХ-ын шийдвэрийн үндсэн дээр, өөрсдийн гаргасан тооцсон дээр, түүнээс гарах үр дүнг нь бодолцож байгаад, Засгийн газрын шийдвэрээр бид нарын дунд суурь үнэ гэж нэрлэгдээд байдаг, бүгдээрээ тэгж ойлгодог, тэр үнийг чөлөөлсөн.


ЖААГ радио станцад Улсын Их Хурлын гишүүн П. Жасрайн өгсөн ярилцлага.

П. Жасрай: Шинэ ерөнхий сайд надаас зөвлөгөө авъя гэж хэлээгүй байгаа

"ЖААГ" радио станцид Улсын Их Хурлын гишүүн П.Жасрайн өгсөн ярилцлага.

ЖААГ: Хүмүүсийн сэтгэлийг хамгийн их зовоож буй зүйл бол суурь үнийг чөлөөлсөн асуудал. Энэ талаар таны үзэл бодол ямар байна вэ?

П. Жасрай: Ер нь түлш эрчим хүч төмөр зам агаарын тээвэр зэрэг төрөлжсөн үйлчилгээ эрхэлдэг орчин цагийн хэлээр яривал монополь байгууллагуудын үнийг чөлөөлнө гэдэг утгагүй яриа. Ийм салбарын үнийг чөлөөтэй тавьсан улс орон дэлхийд ховор байдаг. Тийм учраас үнэ чөлөөлөгдөх асуудал байж болохгүй гэж үзэж байна. Харин үнэ нэмэгдүүлэх, бууруулах, үнийг үндэслэлтэй тогтоох хяналт тавих зэрэг асуудал өөр хэрэг. Түлш, эрчим хүч шатахууны үнийг өөрчлөх шаардлага байгааг үүний түрүүнд ч ард түмэндээ хэлж байсан. Гэхдээ манай засгийн газар тухайн үедээ энэ өөрчлөлтөөс ард түмэн, хэрэглэгчдэд очих ачааллыг бууруулах, нөгөө талаас үйлдэгчдийн хэвийн байдлыг хангахын тулд дэс дараалалтай хоёр чиглэлээр ажиглахаар бодож байсан. Нэг талаараа хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлттэй уялдуулан өөрийн өртгийг хямдруулж түүний механизмыг хүчтэй ажиллуулж эхлүүлэх, нөгөө талаас шаардагдах хэмжээгээр үнийг нэмэх, гэхдээ үнийг нэмэгдэлд хэрэглэгчдэд очих ачааллыг нөхөн олговортойгоо хийхээр төлөвлөж байсан. Жишээлбэл Багануурын нүүрсний уурхайг өөрчлөн шинэчлэх тухай Дэлхийн банк манай засгийн газрын үеийн тохиролцоогоор 2000 оныг хүртэл тус уурхайн техникийн шинэчлэлийг хийж өөрийнх нь өртгийг 30 хувиар хямдруулах, мөн хугацаанд борлуулах үнийг нь 30 хувиар нэмж 2000 он гэхэд нүүрсний уурхай өөрийнхөө хөрөнгө оруулалтыг багтаагаад бүх зардлаа нөхөж ашигтай байх хувилбарыг тохиролцсон юм. Сая нөхөн олгохгүйгээр зочмог ихээхэн үнийн өсөлт хийлээ. Үүнийг муужруулах эмчилгээ гэж манай нөхдүүд ярьж байгаа. Муужруулна гэсэн үг. Энэ утгаараа бүх ачааллыг ард түмэн, хэрэглэгч дээр тохно гэсэн үг. Муужруулах эмчилгээ өөдтэй, бодитой үр дүн өгсөн газар ховор байдаг. Ялангуяа манайх шиг ард түмний амьдралын төвшин доогуур байгаа, газар нутаг томтой тархуу байрласан ийм нөхцөлд нэлээд олон талаас нь бодож байж хийх зүйл юм.

<ЖААГ>: -Жасрай гуай та 1992 онд ямар Засгийн газар хүлээж авав, сая ямар засгын газрыг өгөв өө?

Засгийн газар солигдож байх явдал бол ардчилсан нийгмийн жирийн үзэгдэл. Мал сүргийн тоо дөрвөн жилийн дотор гурван саяар нэмэгдсэн. Эдийн засгийн нөгөө нэг гол хэсэг нь бол төсөв, төлбөрийн баланс, валютын нөөц байдаг. Сая бид улсын урсгал төсөв ашигтай, төвлөсөн төсвийн дансны бэлэн үлдэгдэл 3,1 тэрбум төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн. Харин банкны засгийн газрын төлөх ёстой 4,2 тэрбум төгрөг бий. Ингээд бодоход наад зах нь авсан өдрөөсөө эхлэн ажлаа явуулах бололцоо хангасан гэж бодож байгаа.

Бид 1992 онд зөвхөн өрийн данс, өрийн нэхэмжлэл хүрээн авсан. Өнөөдөр үндсэндээ урсгал төлбөрөө хасаад тооцоход улсын алт, валютын цэвэр 60 сая доллар байгаа. Улс орны амьдралд нэг чухал зүйл бол гадаадад гаргаж байгаа, гадаадаас авч байгаа хоёрын зөрүү буюу худалдааны тэнцэл гэж ярьдаг. Манай гадаад худалдааны тэнцэл Монголын түүхэнд анх удаа 1993 оноос ашигтай болсон. 1994,1995 онд гадаад худалдааны тэнцлийн Монголын талын ашиг жил бүр 100 гаруй сая доллараар хэмжигдэж байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, тодорхой нөхцөл байдалд экспортод бараа огт гаргахгүй байна гэхэд наад зах нь 100 сая долларын бараа орж ирнэ гэсэн үг. Ийм л үнэлэмжтэй эдийн засгийг хүлээлгэж өгсөн.

Сонсогч: Танай нам парламентын цөөнх боллоо. Олонхийн бүлгийн оюуны чадавхи хэр зэрэг гэж боддог вэ?

П. Жасрай: Энэ удаагийн сонгуулиар ардчилсан холбоо эсвэл олонхийн суудал авч засгийн газраа байгуулаа. Харин манай нам сөрөг хүчин болсон. Олон намын тогтолцоотой ардчилсан нийгэмд намууд парламентад олонхи цөөнх болон өөрчлөгдөж байдаг нь ердийн үзэгдэл юм. Тэгэхээр олонхи ачаагаа үүрнэ, харин цөөнх олонхийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй юм. Хяналт тавих гэдэг нь сөргөлдөхийн нэр биш. Үйл ажиллагаа нь зөв явж байвал түүнийг дэмжих ёстой. Тэднийг алдаа эндэгдлээс хамгаалж буруу үр дагавартай байж болох аливаа шийдвэрт саналаа хэлж зөв чиглэл рүү оруулахын төлөө чармайх ёстой.

Нийгмийн хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй нэг зүйл бол, улс орны удирдлагын чадавхи юм. Үүнийг дээшлүүлэх явдал ямар ч хөрөнгө оруулалтаас илүү үр дүн өгдөг. Тийм учраас удирдлагын чадавхийг байнга дээшлүүлж байх нь чухал юм.

Засгийн газрын тухайн салаа мөчрийн бүтэц боловсронгуй үүрэг эрх хариуцлага нь тодорхой байх учиртай. Энэ байр сууринаас авч үзэхэд засгийн газрын байгууллага, түүний салаа мөчрийн бүтцийг өөрчлөх арга хэмжээ авч байгааг зөв гэж дэмжиж байгаа. Манай засгийн газрын үед ч монголын удирдлагын чадавхийг дээшлүүлэх тодорхой төсөл боловсруулаад гаргадаг байсан.


<ЖААГ>: -Үнийг чөлөөлөх тухай асуудлыг Та бүр хоёр жилийн өмнө ярьж байсан. Яагаад тэр үед чөлөөлж болохгүй байсан юм бэ? Ийм нөхцөлд бололцоо байсан уу?

П.Ж:- Би давтан хэлье. Үнийг шууд чөлөөлнө гэсэн яриа байж болохгүй. Харин суурь үнийг боловсронгуй болгох шаардлага тэртэй тэргүй гарна. Манай Засгийн газрын үед ч түлш эрчим хүч, тээврийн тарифийг өөрчилсөөр ирсэн шүү дээ. 1993 онд цахилгааны үнийг 32 дахин нэмсэн. 50 мөнгө байсныг 16 төгрөг болгосон. Тэр бол асар өндөр өсөлт. Ялгаатай нь гэвэл бид энэ өсөлтөөс гарч ард түмний нуруун дээр очих ачааллыг багасгахын тулд байнга нөхөн олговор өгч нэлээд хэмжээгээр зөөллөж явсан. 1994 оны арванхоёрдугаар сард цахилгаан дулааны үнийг жаахан хөдөлгөж, шатахууны үнийг хөндсөн. Тэр үед одоогийн манай олонхи болсон нөхдүүд ямар их яриа хөөрөө гаргаж байлаа даа. Эргэж санахаар энэ нь улс төрийн зүтгэлтнүүд улс орны амьдралд их байр суурьтай, бодитой хандах явдал чухал гэдгийг харуулж байгаа юм. 1995 онд шатахуун, цахилгаан, дулааны үнийг хөдөлгөөгүй. Яагаад гэвэл энэ бүгд 2000 он хүртэл ээлж дараатай явагдах байлаа. Шатахууны хувьд НИК-д алдагдал байхгүй. Харин ч ашигтай ажилладаг. 1996 он гэхэд НИК өөрийнхөө хөрөнгөөр хийсэн хөрөнгө оруулалт хоёр тэрбум төгрөг болсон. 50 сая төгрөгийн алдагдалтай гэж ярьдаг. Энэ чинь ямар алдагдал байх вэ дээ. Ашигтай байгаа биз дээ. Нөгөө талаараа шатахууны үнийг гааль худалдааны болон онцгой татвар улсын төсвийн нэлээд хэсгийг бүрдүүлдэг. Тийм учраас үүнд татварын уян хатан бодлого байж болох учир янз бүрийн хувилбараар төсөл хийж байсан. Энэ тухай бид ард түмэндээ тухайн үедээ зарлаж байсан шүү дээ. 

Сонсогч: Засгийн газар урт хугацааны зээлийг нэлээдгүй авсан бололтой юм. Зээлийн өгөөж их муутай юм уу даа гэж бодогддог. 

П. Жасрай: Манай засгийн газрын хувьд гадаад зээл 150 сая.доллараар нэмэгдсэн гэж би хэлсэн. Энэ зээлийг юунд зарцуулж байгаа нь тодорхой шүү дээ. Улаанбаатар төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг солих шилжүүлэн ачих байгууламжийг барих нисэх төв буудлыг шинэчлэх холбооны шинэ систем нэвтрүүлэх, нүүрсний уурхайнуудыг шинэчилж эхлэх зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ зээлийг ашиглаж байсан, цаашид ч үргэлжилж байна. Олон улсын харилцаанд нэг шинэ журам бий. Олон улсын байгууллага, хандивлагч орнууд зөвхөн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд л зориулж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл өгдөг. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийн хувьд хөнгөлөлттэй зээл өгдөггүй журамтай юм аа. 

Сонсогч: -Банкны зээлийг ямар ч хараа хяналтгүй олгосон. Зээл авсан хүмүүс түүнийгээ төлөхгүй байна. Зээл авсан нь хожоод, аваагүй нь хохироод үлдлээ. Зээлийг эргүүлэн төлүүлж улсыг хохиролгүй болгох арга бий юү? Мөн гадаадын зээл, тусламжийг их оновчгүй ашиглаж байна. 

П.Жасрай:-1991 онд Улсын Бага Хурал Банкны тухай хууль гаргаж хоёр шатлалтай банкны тогтолцоог буй болгоод банкийг Засгийн газраас хамааралгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл банк, Засгийн газар хоёр жингийн хоёр туухайн дээр харилцан бие биедээ тэнцвэр болох маягаар зохион байгуулалтын тогтолцоонд орсон юм. Засгийн банкны дотоод ажилд оролцох эрх байдаггүй, ийм хуулийн тогтолцоотой. Зээлийн тухайд гэвэл чанаргүй зээл 16 тэрбум төгрөг хүрсэн юм байна билээ. 60 гаруй тэрбум төгрөгийн зээлийн 16 тэрбум нь гэсэн үг. Үүнийг дотор нь хоёр зүйлд хувааж болох юм байна билээ.

1. Хуучин социализмын үед улсын банкны хөрөнгө оруулалтын газраар дамжиж гадаадаас орж ирсэн зээлийг үйлдвэр, аж ахуй байгууллагуудад дамжуулан зээлдүүлж байсан. Түүнийг хуучин цагийн уламжлагдсан зээл гэдэг.

2. Энэ шилжилтийн жилүүдэд аж ахуйн байгууллагууд, ялангуяа хувьчлагдахын өмнө төрийн өмчит байсан байгууллагууд зээл аваад эргүүлж төлөх чадваргүй болсон тохиолдол бий. Үүнийг захиргаадалтын зээл гэж би хэлдэг. Энэ хоёр зээлийн нийлбэр 16 тэрбум төгрөг болоод байгаа юм. Түүнээс гадна олон компани, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй хувь хүмүүс банкнаас зээл авчихаад түүнийгээ эргүүлж төлдөггүй, төлбөрийн чадваргүй болсон явдал их бий. Тийм учраас хуучин цагийн зээл чанаргүй зээлийг шийдвэрлэхийн тулд манай Засгийн газрын үед Азийн хөгжлийн банк, дэлхийн банкнаас 30 жилийн хугацаатай жилийн 0,75 хувийн хүүтэй 35 сая доллорын зээл авч арилжааны банкнуудын зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж өгөх төсөл тохиролцсон байдаг. Одоо үүнийг хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Энд харилцан бие биедээ найр тавьсан байдал байж болохгүй. 

Сонсогч: Жасрай гуай, танай Засгийн газрын үед сөрөг хүчин сүүдрийн засгийн газар байгууллаа гэж зарлаж байсан. Яг ийм маягаар МАХН буюу цөөнх сүүдрийн засгийн газар байгуулах ажиллагаа явуулах уу? 

П. Жасрай: 1992 онд Улсын их хурлын чуулганы анхны хуралдаан дээр гишүүн С.Зориг сүүдрийн Засгийн газар байгуулснаа зарлаж байсан. Одоо цөөнх болоод буй манай нам сүүдрийн засгийн газар байгуулах асуудлыг авч үзээгүй байна. Ер нь сүүдрийн засгийн газар байж болдог. Энэ нь ажиллаж байгаа Засгийн газарт нөлөөлдөг, дэмжлэг туслалцаа үзүүлдэг, төдийгүй дараа нь Засгийн газар байгуулах эрх олгох юм бол бэлэн бүтэцтэй байдаг. 

ЖААГ: -Та дөрвөн жил засгийн эрхэнд байлаа. Одоогийн шинэ Засгийн газар танаас санал, зөвлөгөө авах юм уу?

П.Жасрай: -Юунд илүү анхаарах вэ гэдэг талаар шинэ Ерөнхий сайдад өөрийнхөө бодлыг хэлж байсан. Түүнээс хойш надаас зөвлөгөө авъя гэж хэлээгүй байгаа. Ямар нэгэн асуудлаар зөвлөгөө авъя гэвэл би өөрийнхөө саналыг илэн далангүй хэлэхэд бэлэн байна.

1995 онд шатахуун, цахилгаан, дулааны үнийг хөдөлгөөгүй. Яагаад гэвэл энэ бүгд 2000 он хүртэл ээлж дараатай явагдах байлаа 

Сонсогч: -Шинэ засгийн газрыг эвслийн Засгийн газар гэж болох уу? Энэ Засгийн газрын боловсон хүчний бодлого тун зөв юм уу гэж бодож байна. Энэ бол хэлмэгдүүлэлт биш. Би МАХН-ын гишүүн. Гол нь улс төрийн албан тушаалууд дээр өөрсдийнхөө хүнийг тавих нь зөв юм биш үү?

-П.Жасрай: - Сонгуулийн дүнгээр улс төрийн ажилтнууд солигдох нь зүй ёсны хэрэг. Энд ямар нэг яриа байхгүй. Харин Төрийн захиргааны алба, тусгай алба, иргэний албанд мэргэшсэн хүмүүс тэр төрийн албыг залгуулах ёстой. Ингэж байж төрийн бодлогын уламжлал хадгалагдана, гадаад, дотоод аль ч талдаа итгэл үнэмшил авдаг учиртай юм. Тийм болохоор сонгуулийн дүнгээр захиргааныхан, тусгайнхан, иргэний албаныхныг хамаагүй сольж болохгүй. Мэдээж хэрэг ажил хийж чадахгүй хүнийг мөнх суулгана гэсэн үг биш шүү дээ. Энэ бол аттестатчиллаар, зохих журмаар явах ёстой. Ийм учраас халаа, солио улс төрийн хүрээнд байх ёстой, харин цаашаа дэлгэрэх ёсгүй гэж бодож байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()