Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх элдэв сонин сургалтууд дэлхийн хаа сайгүй дэлгэрсээр байна. Харин манайд энэ талаар харьцангуй сүүлд ярих болов. Өөрөөр хэлбэл, одооноос л хүүхдүүдэд ийм ур чадварыг суулгах нэн шаардлагатай гэж үзэж буй. Гэвч сургууль, цэцэрлэгүүдийн анги танхимын хүрэлцээгүй байдал, сургалтын хэрэглэгдэхүүний хомсдол, суралцагчийн тоо хэт олон зэрэг шалтгаанаар хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтууд орхигдсон хэвээр байгаа юм. Тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт энэ чадварыг голчлон суулгах ёстой атал хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлж хүчирдэггүй.
Багш нар нь 40, 50 хүүхдээ хооллож ундлах, нүүр, гарыг нь угааж арчих, унтуулж, сэрээх гэсээр бүтэн өдрийг бардаг нь худал биш. Тэдэнд хичээл заах нь битгий хэл, эцэг, эх, эмээ, өвөөд нь эсэн мэнд хүлээлгэн өгвөл их юм болчхоод буй. Бага ангийн сурагчдыг ч ялгаагүй, тэдний сэтгэн бодох чадварыг сургалтын төлөвлөгөөний дагуу хөгжүүлэхээсээ илүүтэй уншуулж, бичүүлж, бодуулж сургахыг л чухалчилдаг. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх үүрэг бүхий төв байгууллагынхан нь ч үүнтэйгээ эвлэрчихсэн. Сургалтын хөтөлбөрүүдээ дэлхийн чиг хандлагатай “уяж”, өөрчилж шинэчилье, дэд бүтцээ шийдье гэсэн хүсэл зориг, эрмэлзэл бараг байхгүй.
Тэгвэл бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ. Заавал эзэмших ёстой ур чадвар уу. Олон улсад үүнийг яагаад чухалчлах болов гэхчлэн олон асуулт хөвөрнө. “Төсөөлөн бодох чадвар нь ухаантай байхаас ч чухал” гэдгийг Германы алдарт онолын физикч А.Эйнштейн аль эрт хэлсэн байдаг. Үүнийг орчин цагт бүтээлч сэтгэлгээ хэмээх болсон билээ. Өөрөөр хэлбэл, шинэ зуунд бие даан ажиллаж, амьдрахад хүн бүрд ийм чадвар зайлшгүй байх ёстой. Түүнийг нь төрсөн цагаас нь эхлэн нээн хөгжүүлэх шаардлагатайг хүн төрөлхтөн 70 гаруй жилийн өмнө олж мэдэж, салбар шинжлэх ухаан болтол нь түгээн дэлгэрүүлсээр иржээ.
“Гурван нас хүрэхэд оройтно”
Сэтгэхүйн бүтээлч чанарын тухай ойлголтыг сэтгэл судлалын шинжлэх ухаанд нутагшуулсан хүн бол Америкийн сэтгэл зүйч Ж.П.Гилфорд. Тэрбээр “Бүтээлчээр сэтгэнэ гэдэг нь тогтсон хэм хэмжээ, дүрэм журмыг эвдэж, өөрөөр бодохыг хэлнэ” гэж томьёолжээ. Улмаар түүнийгээ хэмжиж болно гэж үзээд 1967 онд бүтээлч сэтгэлгээний шалгууруудыг зохиосон байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд түүний боловсруулсан онолд үндэслэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын төрөл бүрийн хөтөлбөрүүд зохиож, боловсролын системдээ нэвтрүүлсээр ирж. Ийм байхад бид үүнийг тоохгүй “хаячхаж” болохгүй биз дээ.
Өнөө үед бүгдийг хийх гэж зүдрэх, чаддаг юм шиг царайлах, аливааг хурдан амжуулах гэж оролдох зэргийн аль нь ч бүтээлч сэтгэлгээнд хамраарахгүйг олон онолчид тодорхойлчхоод буй. Харин үүнийг энгийнээр тайлбарлавал аливааг хялбарчлах, гэхдээ өөрт байгаа нөөц бололцоогоо хамгийн бүтээлчээр ашиглах тухай ойлголт аж. Нэг ёсондоо бүтээлч байна гэдэг нь чөлөөтэй сэтгэх, шинэлэг санаа дэвшүүлэх, өмнө нь сурч мэдсэнээ өөр орчин нөхцөлд төвөггүй хэрэгжүүлэх, тулгарсан асуудлын шийдлийг хялбархан олох, уян хатан байх гэх мэт шинэ эриний иргэнд шаардлагатай мэдлэг, чадварыг агуулдаг. Түүнчлэн бүтээлчээр ямар нэгэн үйлийг гүйцэтгэж хэвшсэнээр, ялангуяа хүүхдийн суралцахуйг дэмжиж, насан туршдаа боловсрох суурь нь тавигддаг байна.
Хүний тархины хөгжлийн 80-90 хувь нь зургаа хүртэлх насанд бүрэлддэг гэсэн судалгаа бий. Үүний дотор хамгийн оргил үе нь 0-3 нас. Хүүхдийг энэхүү алтан үед нь амжиж хөгжүүлж чадвал гайхамшгийг бүтээдгийг Америкийн физик эмчилгээний эмч, хүүхдийн оюуны болон бие бялдрыг хөгжүүлэх аргуудыг үндэслэгч, сэтгэл судлаач Глен Доман баталсан. Масару Ибукагийн “Гурван нас хүрэхэд оройтно” гэсэн алдарт ном ч үүнийг гэрчилдэг. Тархины хөгжлийг эрт үед нь дэмжсэн сургалтын хөтөлбөрүүд өгөөж өндөртэй, ийм арга зүйгээр саажилттай, хүнд өвчтэй хүүхдүүдийг ч хөл дээр нь босгосон түүх олон байдаг. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн хөгжүүлдэг бүтээлч сэтгэлгээний болон тархины хөгжлийн сургалтуудын ачаар Оросын Белла охин дөрвөн настайдаа долоон хэлээр ярьж сурсан, зургаан настай, саажилттай америк хүү хэрхэн амьдралаа өөрчилсөн зэрэг жишээ цөөнгүй.
Хэрэгжүүлэхдээ алджээ
Харин манай улс бага насны хүүхдүүдийн хөгжил, сургалтад хэрхэн анхаарч ажилладаг вэ. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод “Сургуулийн өмнөх боловсролыг хүүхдийг сургуульд бэлтгэхээс илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ”, “Бага насны хүүхэд бүр бие, оюун ухаан, сэтгэлээр эрүүл өсөн бойжиж, бүтээлч үйл, бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадамжийг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэхүү гоё зорилго, заалт бүхий бодлогыг манайх 2014-2024 онд хэрэгжүүлээд дууссан. Харамсалтай нь, төдийлөн үр дүнд хүргээгүй аж. Бүх шатны боловсролын байгууллагын хөтөлбөрүүдэд нь хүүхдийн эрт үеийн хөгжлийг дэмжсэн, бүтээлч сэтгэлгээг нь задалсан сургалтын арга зүй, төлөвлөгөө тусгасан ч хэрэгжүүлэх шатандаа амжилт олоогүй гэнэ.
Монголд зургаа хүртэлх насны хүүхдийн тархи, оюун ухаан, бүтээлч чадварыг хөгжүүлсэн сургалтын төв ганцхан байдаг нь “Монгол ээж гэр сургалт” төрийн бус байгууллага. Глен Доманы арга зүйд үндэслэн сургалтуудаа явуулдаг эл төвийн багш нар сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үүргийг сүүлийн жилүүдэд гүйцэтгэж байна. Тэд 2019 оноос нялх балчир үеэс хүүхдэд уураг тархи, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хөгжил олгоход эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлж, чиглүүлж иржээ. Үүний үр дүнд монгол хүүхдүүд дөрөв, таван настайдаа англи, монголоор уншиж, ярьж сурч, тоо бодон, бүтээлч сэтгэлгээ, бие бялдраа хөгжүүлсээр байгааг багш нар нь хэлсэн. Хөтөлбөр нь байгаад, хэрэгжүүлж чадвал монгол багачууд дэлхийн хүүхдүүдтэй эн тэнцүү суралцаж, өрсөлдөж чадна гэдгийг нэмж тодотгоно лээ.
Ж.П.Гилфорд “Бүтээлчээр сэтгэх нь баруун, зүүн тархийг жигд хөгжүүлнэ. Харин дүрмээрээ явбал зүүн тархи л ажиллана” гэсэн байдаг. Боловсролын ерөнхий газраас хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим сайт, сошиал хуудаснуудаараа дамжуулан байнга хүргэдэг юм билээ. Тэд “Багш яг ингэж хийнэ гэж “хайрцаглавал” хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжихгүй. Түүнийг багаас нь дэмжиж, хөгжүүлэхгүй л бол аажимдаа “унтардаг”. Иймд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш нар олон хувилбар, шийдэлтэй, хүүхэд бүрийг бүтээлчээр бодож сэтгэх дасгал, даалгавруудыг гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай. Багш шавь нартаа бүтээлчээр сэтгэх боломжийг суралцахуйн бүх чиглэлээр өдөр тутмын үйл ажиллагааныхаа явцад олгож болно” гэжээ.
Суралцагч бүрийн онцлогт тохирсон даалгавар өгөх хэцүү гэв
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас 2019-2020 оны хичээлийн жилээс цэцэрлэгийн багш нарыг Сургуулийн өмнөх боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтуудад хамруулжээ. Мөн сургалтын менежментийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд дээрх хөтөлбөрийг шинэчилж, бага насныхны ирээдүйд шаардагдах бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, шинэ үеийнхний хөгжлийн хэрэгцээнд нийцэх тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг салбарын яамнаас үе шаттай хэрэгжүүлж буй юм байна. Тухайлбал, 2023 онд улсын хэмжээнд 197 бэлтгэл бүлгийг тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангажээ. Мөн оны сүүлчээр хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг 20 цэцэрлэгт хүлээлгэн өгсөн гэнэ.
Тэд энэ талаараа “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны менежментийн ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” сургалтыг зохион байгуулсан. Сургуулийн өмнөх боловсролын менежментийг туршилтаар хэрэгжүүлж буй 21 аймгийн зарим цэцэрлэгийн эрхлэгч болон салбар байгууллагын мэргэжилтнүүдэд удирдлагын ур чадвар, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, STEAM сургалтын хэрэглэгдэхүүний ач холбогдол, сургалтад хэрхэн үр дүнтэй ашиглах арга зүйг зааж, туршлага солилцсон. Цэцэрлэгүүдэд өгсөн STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн нь суралцагчдын насны ангилал тус бүрд 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчийн гарын авлага, эцэг, эх, асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээс бүрдсэн” гэж мэдээлсэн.
Харин бодит байдалд цэцэрлэгийн багш нар олон хүүхэдтэй ажилладаг тул суралцагч бүрийн онцлогт тохирсон бүтээлч даалгавар өгөх хэцүү байдгаа хэлсэн. Иймд нэг сэдвээр, ижил аргаар, тогтсон хэрэглэгдэхүүн ашиглан хүүхдүүдэд аль болох бүтээлчээр ажиллах боломжуудыг эрэлхийлж иржээ. Төрийн захиргааны төв байгууллагынхан цэцэрлэг, бага сургуулиудад ийм байдлаар л хүүхдүүдийг бүтээлчээр ажиллуулах орон зай өгч буйг тэд нэмж учирлана лээ.