Манай улс хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг хязгаарлаж, хориг тавихаар зэхэж, хуулийн төсөл боловсруулж буйгаа саяхан зарлалаа. Ингэснээр нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насныхныг нэвтрэхийг хориглосон зүйл, заалт бүхий анхдагч хуультай болох юм гэнэ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэхдээ Австралийн хуулийг эш үндэс болгосноо хэлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд австраличууд Онлайн аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиа баталж, олон улсын анхаарлыг татсан билээ. Тус хууль нь 16 хүртэлх насны хүүхдийг фэйсбүүк, тикток, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон гол заалттай. Сайд П.Наранбаяр нарын санаачлан боловсруулж буй гэх ижил төст хуулийн төсөл нь дарга нарын хийрхэл байв уу, эсвэл үнэхээр хүүхдүүдээ бодсон шийдвэр үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Гэхдээ үүнээс урьтаж, Монгол Улс 16 хүртэлх насныхныг нийгмийн сүлжээ хэрэглэхийг хуулиар хориглох хэмжээний санхүү, технологийн чадамж, эрх мэдэлтэй юү гэвэл эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Боловсролын сайдын “шидэт дохиур”-аар л эл асуудлыг шийдчих хэмжээний хараат бус улс бил үү, манайх. Энэ мэт цөөнгүй асуулт хөвөрнө. Эдгээрийг тодруулах гээд оролдъё.
Нийгмийн сүлжээнээс “хөөх” ажиллагааг эхлүүлэв
Боловсролын сайд П.Наранбаяр энэ сарын 14-нд мэдээлэл хийж, “Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулах судалгааг албан ёсоор эхлүүлж байна. Ажлын хэсгийг сайдын зөвлөх Д.Гантулга ахалж буй. Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын судалгааг 2020 онд хийсэн байдаг. Судалгаагаар эцэг, эхчүүдийн 91 хувь нь цахим халдлагад хүүхдүүд нь өртөөгүй гэж хариулжээ. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь ийм халдлагад өртөж, 60 хувь нь эцэг, эхдээ хэлээгүй байсан. Мөн олон нийтийн сүлжээнд зохисгүй агуулга цацах, хүүхдийг буруу зүйлд уруу татах, цахим дээрэлхэлтэд өртөх зэрэг олон асуудал гарсаар байна. Энэ бүхнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Цахим орчинд соёлтой, биеэ зөв авч явах нь цаашлаад нийгэмд ч хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлээр тодорхой алхам хийхгүй бол оройтох нь. Австрали улсынх шиг тусгайлсан хуультай болох уу, эсвэл Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу гэдгийг нийгмийн бүлгүүдтэй ярилцаж, шийднэ” гэсэн бол сайдын зөвлөх Д.Гантулга “Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж буй нь ганц манайх биш, дэлхий нийтийг хамарсан асуудал. Дэлгэцэд хамааралтай болсноор донтолтын хувь хэмжээ нь ихэсдэг. Ийм өвчтэй болж буйг ч нийтээр анзаарахгүй байна. Монголчууд үр хүүхдээ эрүүл чийрэг, ухаан саруул болоосой гэж хүсдэг. Гэтэл өнөөдөр багачууд гар утас авахаараа л баярлаж, өгөхдөө маш их хямардаг болж. Тиймээс л цахим хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг санаачлахаар ажиллаж байгаа” хэмээсэн.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал энэ сарын 19-нд Австралийн Хүүхдийг ивээх сангийн корпорацын түншлэлийн менежер Жэсон Тайдер тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Онлайн аюулгүй байдлын тухай хуулийнх нь талаар туршлага судалж, хамтран ажиллах санал солилцсон байна. Албаныхан хүүхдүүдийг нийгмийн сүлжээнээс ийнхүү “татан гаргахаар” ажлаа шуурхайлах болж.
Улс орнууд ч сүүлийн үед ийм арга хэмжээнүүд авч эхэлжээ. Тухайлбал, Европын Холбооны Ерөнхий мэдээллийн хамгаалалтын журмын дагуу гишүүн орнууд нь 16 хүртэлх насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг боловсруулахдаа эцэг, эхээс нь заавал зөвшөөрөл шаарддаг болсон. Зарим улсад насны хязгаарыг 13 болгон бууруулсан нь ч бий. АНУ-ын хүүхдийн цахим нууцлал, хамгаалалтын тухай хуульд мөн 13-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг цуглуулахад асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авдаг. Түүнчлэн Норвегийн Засгийн газар нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг саяхан гаргасан байна. Эдгээр хууль, дүрэм журам нь хүүхдүүдийг цахим орчин дахь гэмт хэрэг, хортой нөлөөнөөс хамгаалах, тэдний эрхийг хангах зорилготой бөгөөд улс орнуудын нийгэм болон соёлын онцлог, эрх зүйн тогтолцооноос нь хамаараад харилцан адилгүй аж. Гэхдээ бие даасан хуультай нь цөөхөн. Шалтгаан нь олон саад тотгор, гэрээ, конвенцтой холбоотой гэнэ.
“Одоогийн зохицуулалтууд нь хангалттай”
Мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч “Инфо сек плас” компанийг үүсгэн байгуулагч У.Ганбаяр Италид докторын зэрэг хамгаалсан. Үндэсний судалгааны төвд нь мэдээллийн аюулгүй байдлын олон улсын төслүүдэд гар бие оролцож, Оксфордын их сургуульд мөн судлаачаар ажилласан туршлагатай. Тэрбээр “Нийгмийн сүлжээ ашиглаж буй хүүхдүүд цахим орчинд бусдад, үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж, улмаар ямар нэгэн эрсдэлд өртөж буй нь кибер аюулгүй байдалд шууд хамаарахгүй. Bully буюу дээрэлхэлт нь хүний эрхтэй илүү холбогдоно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 8000 гаруй оролцогчийг хамруулсан судалгаа явуулсан. Энэ нь 9-12, 13-17 насны хүүхдүүд болон эцэг, эхчүүд гэсэн гурван бүлэгтэй бөгөөд цахим дээрэлхэлт, түүнээс улбаатай эрсдэлийг тооцсон юм. Улсын хэмжээнд ийм дээрэлхэлт маш их байгаа нь тогтоогдсон. Мөн эцэг, эхчүүдэд энэ талаарх ойлголт муу байна. Улмаар ямар эрсдэл үүсэж болохыг ч мэддэггүй. Хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, тэр дундаа нийгмийн сүлжээнд хандах насны хязгаараас авхуулаад энгийн зүйлсийг орхигдуулжээ. Хүүхдүүд ч үүнийг энгийн зүйл мэтээр ойлгох болж. Есөн настай хүүхэд ёс бус үг хэллэгийг цахим орчноос сурснаа хэлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн цахим хэрэглээ нийгмийн сүлжээнд илүүтэй төвлөрч буй. Гэхдээ хэрэглэгчийн насны хязгаарыг тогтоох тухайд хэлж мэдэхгүй. Миний бодлоор өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй зохицуулалтууд нь хангалттай гэж боддог. Энэ нь насны хязгаар тогтоогоод л орхичих хэрэг гэсэн үг биш. Тухайн хэрэглэгчийн нас насанд нь тохирсон мэдээллийг харуулдаг байх нь л чухал. Жишээ нь, АНУ-д “Children’s online privacy protection act”-ын дагуу хүүхдийг цахим орчинд хэрхэн хамгаалах вэ гэдгийг зохицуулдаг. Манай Хүүхэд хамгааллын тухай хуульд ч цахим орчинтой холбоотой зүйл, заалт бий. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, ойлголцох нь хамгийн зөв шийдэл гэдгийг олон улсад хэдийн хүлээн зөвшөөрсөн. Томчууд, хүүхдүүдийн хэрэглээ, тоглоомоос авхуулаад бүх зүйл нь өөр, ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрч, хамтдаа ярилцаж, суралцах замаар зөв, бурууг ойлгуулах нь үр дүнтэй” хэмээсэн удаатай.
Албаныхан хуулийг нэгэнт олон улсын жишгийн дагуу, сайтар судалсны үндсэнд боловсруулахаа мэдэгдсэн. Тиймээс хүүхдүүдийн нийгмийн сүлжээ хэрэглэх насыг хязгаарлах нь зөв, буруу гэхээсээ илүүтэй хуулийг хүүхдэд хэрхэн ээлтэйгээр боловсруулж, хэрэгжүүлэхдээ юуг анхаарах вэ гэдэгт л шинжлэх ухаанч хандах хэрэгтэй болов уу. Хүүхэд хамгааллын тухай хуульд хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар “Хүүхдийн хөгжил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх контент түгээхгүй, хувийн мэдээллийг нь эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр нийтлэхгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл түгээх” зэрэг заалт байдаг. Эдгээр нь хүүхдийг цахим орчин дахь сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрхийг нь хангахад чиглэсэн. Харин нийгмийн сүлжээ ашиглахыг нь шууд хориглоогүй болно. Мөн Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг холбогдох албаныхан боловсруулж буй юм байна. Энэ нь цахим орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дарамт, заналхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоо бүрдүүлэх зорилготой аж.
Технологийн хүчин чадал, эрх зүйн чадамж алга
Монгол Улс Австралийнх шиг хуулийн төсөл боловсруулж, батлуулахад юуг анхаарах шаардлагатай вэ. Судлаачдын үзэж буйгаар хүүхдүүдийн нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах хууль боловсруулахдаа хамгийн эхэнд тэдний эрхийг хамгаалах, чөлөөт хөгжлийг нь тэнцвэртэй хангах нь чухал аж. Тодруулбал, бага насныхныг цахим орчин дахь сөрөг нөлөөллөөс хамгаалах нь чухал ч гэлээ технологийн эрин зуунд тэдний мэдээлэл олж авах, харилцах, хөгжих эрхийг нь давхар зөрчихгүй байх зарчим баримтлах нь зүйтэй. Чанга хатуу хязгаарлалт нь хүүхдүүдийг эсрэгээрээ хууль бусаар нийгмийн сүлжээ ашиглах, хамгаалалтгүй орчинд шууд нэвтрэх эрсдэлийг дагуулж болзошгүй.
Түүнчлэн 16-гаас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглохын тулд тухайн платформууд нь хэрэглэгчийн насыг үнэн зөв тодорхойлох шаардлагатай болно. Технологийн ийм боломж, нөхцөл Монголд байгаа юу. Өнөөдрийн байдлаар, зарим платформ хүүхдийн насыг тодорхойлдог ч эдгээр нь бүрэн баталгаатай биш гэдгийг олон улсад ч судалж тогтоосон. Хэрэглэгчийг бүртгүүлэх үед тухайн системд нас нь тодорхойлогддог ч олонх нь зөрүүтэй мэдээлэл өгдөг, түүнийг нь хянах боломжгүйгээс хуурамч хаягийн тоог нэмэхээс хэтэрдэггүй. Царай таних технологи ашиглаж болох ч хүний хувийн нууцад халдах эрсдэлтэй гэж үзэн хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс хүүхдийг цахим орчинд хамгаалах нь зөвхөн төр, хууль тогтоогчдын ажил биш, эцэг, эхчүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Насны хязгаарлалтаас гадна эцэг, эхчүүдэд зориулсан сургалт, хяналтын хэрэгслүүдийг хөгжүүлэх нь бас чухал аж.
Хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хязгаарлахаасаа өмнө тэдэнд ээлтэй цахим платформуудыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх, мэдээлэл нь алдагдахаас сэргийлсэн кибер аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж олон судлаач үзжээ. Мөн Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуультай уялдуулан боловсруулах, фэйсбүүк, тикток, юүтүб, инстаграм зэрэг платформ нь Монголд хуулийг хэрэгжүүлэх боломжтой, эсэхийг судлах, цаашлаад гэрээ байгуулах шаардлага тулгардаг байна. Платформ зохиогчдын бодлого, олон улсад нэвтрүүлж буй аюулгүй байдлын арга хэмжээ, хуулийг хэрэгжүүлэх боломжийг ч харгалзах ёстойг санууллаа.
Хуулийг баталлаа гэхэд хэрэгжүүлэх механизм нь тодорхой, үр дүн гаргах ёстой. Манайх олон улсын стандартад нийцсэн хууль тогтоомж боловсруулж, хэрэгжүүлэх замаар платформуудад зохицуулалтуудыг нэвтрүүлэх боломжийг олгох гэнэ. Хууль зөрчсөн тохиолдолд тэдэнд торгууль ногдуулах, эсэх, хэрэглэгчийн хяналтыг хэрхэн хийх талаар нарийн тодорхойлох шаардлагатай юм байна. Монголын хууль тогтоомж нь дэлхий нийтийн эрх зүйн зохицуулалтуудтай энэ мэт нийцэх ёстой. Даанч одоо мөрдөж буй холбогдох хуулиуд нь нийгмийн сүлжээнд хүүхдийн насыг хязгаарлахад “түүхий” байгааг албаныхан хэлсэн юм.