Хувьцаат компаниуд жилийн санхүүгийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор гаргаж, аудитын байгууллагаар аудит хийлгэсний дараа дүгнэлтийн хамт зохих хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлдэг хуультай. Үүний дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 2024 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцуулж, ногдол ашиг хуваарилахаа зарласаар байна. Одоогоор 27 компани тайлангаа танилцуулж, өнгөрсөн оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд буй юм. Нийтэд ил болгосон мэдээллээр “Лэнд МН” ХК 11, “Инвескор ББСБ” 4.5, “Тэнгэр даатгал” дөрөв, “Гутал” 3.8, “Газар шим” 3.1, “Эм жи эл акуа” 2.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Компаниуд ногдол ашиг тараахаа мэдэгдсэнээр хувьцааных нь ханш өсөж, биржийн арилжаа сүүлийн өдрүүдэд идэвхэжжээ.
Н.Мишээл