УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын пиар, пропаганда “төгсөрчихлөө”. Сонгуулиас хойш тэдний сошиал идэвх нь огт буурсангүй. Иргэд, олон нийтэд гоё харагдахын тулд элдэв нэвтрүүлэг, подкаст, лайв, рийл хийж, янз бүрээр л үзэж тарж, үсэрч наалдаж байна. Сүүлдээ бүр хөдөө, гадаадад томилолтоор явж байх үеэ дүрсжүүлэн, ая “дэвсэж”, клип хүртэл хийлгэн цацдаг боллоо. Энэ өвчин бусдад нь ч аажмаар халдаж, рийлчин, лайвчин дарга нараар нийгмийн сүлжээ дүүрэв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан рийлчин дарга нарыг өнгөлж яваа. Хамгийн сүүлд буюу энэ сарын 10-нд түүний “Ходоод руугаа өнгийе” гарчигтай рийлийг ЭМЯ-ны албан ёсны фэйсбүүк хуудсанд нийтэлсэн юм. Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй ходоод, улаан хоолойн хавдартай өвчтөнүүдийн өрөө рүү Т.Мөнхсайхан тэргүүтэй албаныхан дайрч орон, “Хавдартай гэдгээ яаж мэдсэн бэ, эрт илрүүлгээр үү. Хагалгаанд орсон уу. Оношлогдтолоо зовуурьгүй байсан уу. Юунаас болоод хавдартай болсноо мэдэж байна уу” гэх зэргээр хүний хувийн, эмзэг мэдээллийг нь шалгааж, хэлүүлсэн. Түүгээр ч зогсохгүй тэрбээр хоёр минутын бичлэгээрээ тасагт хэвтэн эмчлүүлж буй, хавдрын улмаас хагалгаанд орсон 10 гаруй хүний царайг, сахиуруудтай нь нийгмийн сүлжээнд ил болгов.
Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд хүний хувийн нууцад хамаарах, хуулиар хамгаалах ёстой эмзэг мэдээллүүдийг нь улс орон даяар ямар ч шүүлтүүргүйгээр цацсан гэсэн үг. Зорилго нь ердөө эрт илрүүлгийн сурталчилгаа. Өвчтөнүүдээр “Эрт илрүүлгийн ачаар хавдраа оношлуулж, эмчлүүлж байна” гэдгийг хэлүүлэхийн тулд Т.Мөнхсайхан хүний эрхэд ийнхүү ноцтойгоор халдав. Зорилгоо л биелүүлж байвал өвчиндөө шаналсан хүн түүнд хамаагүй аж. Сонгуулийн пиартаа ч тэрбээр өвчтөнүүдийг “өгөөш” болгон, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьсныг олон нийт бишгүй харсан.
Гишүүд төрөө түшилц, сэтгүүлчид ажлаа хийе
Улс төрчдийн энэ мэт бохир пиар, хүний эрхийн мэдрэмжгүй байдал, увайгүй, ёс зүйгүй үйлдэл нь хэрээс хэтэрчээ. Элдэв рийл, лайвт нь иргэд өртөж, хохирдог, үзэл бодлоо хэлж, шударгаар шүүмжилсэн нэгнийг нийгмийн сүлжээнд “дүүжилдэг” үзэгдэл хэвийн болов. Засгийн газар нь хүртэл нийгмийн санаа бодлыг төөрөгдүүлэх, хөөсрүүлэх зорилгоор “тролл арми” ажиллуулж, жирийн иргэдээ “намнадаг” болсныг олон нийт шүүмжилж буй. Тархи угаах технологи нь ч нийгэмд хэдийн танил болж. Эрх баригчдыг шүүмжилж, үг, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэдийн эрхийг хясан боогдуулж, хавчин гадуурхаж байгаа нь ардчилсан зарчмаасаа ухарч, дарангуйллын тогтолцоо руу хөтөлж буй хэлбэр гэдгийг эрдэмтэн, судлаачид ч хэлж буй.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Бямбын урилга” контент эхлүүлж байгаагаа цахим хуудсаараа саяхан мэдэгдсэн. Тэрбээр “Гишүүн, гишүүнтэйгээ санал бодлоо солилцон, зааж зөвлөх зүйл гарвал мэдлэг, туршлагаа хуваалцаж, тэдний хийж, төлөвлөж буй зүйлсийг та нартаа хүргэх зорилгоор энэхүү контентыг эхлүүлж байна. Эхний зочин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал” гэсэн байв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч мөн “126 parliament” нэвтрүүлэг хөтлөн явуулдаг. Бусад гишүүн ч нийгмийн сүлжээнд идэвх өндөртэй, сайд нар нь бүгд рийлчин, сэтгүүлчид болжээ. Дарга нарын энэхүү мэргэжлийн түвшний бичлэг, контент, нэвтрүүлгүүдийн ард нүсэр баг ажиллаж, зохион байгуулалттайгаар манипуляц хийж байдгийг олон нийт гадарладаг. Тиймээс гишүүд төрөө түшилц, сэтгүүлчид ажлаа хийе.
Эрх баригчдын мэдээллийн урсгалыг чиглүүлэхийг оролдож буй үйлдэл, нийгмийн санаа бодлыг удирдахыг санаархаж байгаа зэрэг нь хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой халдах болсон нь маш том аюул юм. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-өөс хойш төр засгийнхан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд ихэвчлэн нэг урсгалаар, хянасан, цензурдсэн мэдээллүүдээ тараадаг болсон. Төрийн байгууллагуудын хэвлэлийн албад улам л данхайж, ярилцлага, тодруулга авахыг хүссэн хэвлэлийнхэнтэй харилцахгүй, “Сайдын яриа энд бэлэн байна, үүнийг ашигла. Даргын өгөх мэдээлэл энэ шүү” гэх мэтээр урьдаас бэлтгэсэн “пропаганда”-гаа шахдаг. Манай улс өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр анхаарал хандуулах аюултай ангилалд багтсан бөгөөд 180 орноос 109-д эрэмбэлэгдэж, өнгөрсөн жилийнхээсээ 21 байраар ухарчхаад байгаа. Энэ бол чөлөөт хэвлэлтэй, ардчилсан улсад байж болохгүй үзэгдэл гэдгийг салбарын судлаачид хэлж байна. Тэдний заримынх нь байр сууриас хүргэе.
С.Амартүвшин: Хувь хүний нууцыг дэлгэн байж попорно гэдэг бол улс төрчид ямар увайгүй болсныг харуулна
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Амартүвшин “Аливаа нийгмийн институт, тэр дундаа төр засгийнхан иргэд, олон нийттэй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулж харилцаа тогтоох зарчим үйлчилдэг. Монгол бол ардчилсан тогтолцоотой, чөлөөт хэвлэлтэй, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэдэг улс. Харамсалтай нь, энэ зарчим хэдийн алдагдсан. Улс төрчид хийгээд төрийн эрх мэдэлтнүүд олон нийтийн тархийг угаахад л анхаарч байна. Энэ бол төрийн арга механизм, нийгмийг удирдан, чиглүүлэх гэсэн ашиг сонирхол нь. Хамгийн гол нь түүнийгээ гүйцэлдүүлэхдээ хуучинсаг буюу авторитар дэглэмээр, захиргаадалтын, дарангуйллын аргууд ашиглаж байгаа нь гутамшигтай. Үүний тод илрэл нь худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулах тухай юм. Үүнд төр оролцох ямар ч шаардлагагүй, цаана нь нөгөө л суртал ухуулга, далд пиар, ашиг сонирхол нуугдаж буй гэсэн үг. Энэ мэт төрийн байгууллагууд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж буй хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллага, алба, хэлтэстэй байхыг хуулиар хориглосон. Гэвч төрийн албад бүхэл бүтэн байгууллагын шинжтэй редакцтай болжээ. Уг нь чөлөөт хэвлэлтэй улс орны сэтгүүлчид төрийн мэдээ, мэдээллийг нягтлан шалгаж, үнэн бодитыг нь дамжуулах ёстой. Тэрнээс биш, хэвлэлийн албадынх нь бэлтгэж боловсруулсан, тархи угаах, олон нийтийг төөрөгдүүлж, тэдний санаа бодлыг ямар нэгэн байдлаар өөр тийш нь чиглүүлэх зорилготой, далд пиарын шинжтэй мэдээллүүдийг шууд дамжуулахыг хэлдэггүй. Пиар мэдээг уг нь мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдээс зааглаж, нийтэлж, нэвтрүүлдэг зарчим бий. Хэрэглэгчдэд зорилготой буюу пиар, нөлөөллийн мэдээг шууд танихуйцаар нийтлэх ёстой. Гэтэл манай сайд, дарга нар пиар мэдээгээ “угаагаад”, янз бүрийн контент хэлбэрээр хэвлэлд шахаж байна. Үүнийг олон нийт үнэн гэж хүлээж авахаас өөр сонголтгүй. Энэ бол ардчиллын зарчим, шударга ёс алдагдаж байгаагийн нэг хэлбэр. Тиймээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, хэвлэл мэдээллийн болон пиарын үндсэн зарчмуудад тулгуурлан энэ асуудлуудыг нэлээд нухацтай авч хэлэлцэн, шүүмжлэх цаг болсон. Зорилготой мэдээлэл буюу пиарын үйл ажиллагаа нь үндсэн зарчмаараа ёс зүйн хэм хэмжээг баримтлах ёстой байдаг л даа. Тодруулбал, хүн хоорондын харилцааны зохицуулалтын гурван үндсэн хэм хэмжээ бий. Хуулиар хүлээсэн, ёс зүйн болон нийгмийн хоорондын харилцааны хэм хэмжээг хэлж буй. Улс төрчдийн пиарыг харахаар эдгээр хэм хэмжээг бүгдийг нь зөрчдөг, давдаг. Өөрсдийгөө хэт тодруулахын тулд тархи угаах, суртал ухаалгын хамгийн бохир технологиуд ашигладаг. Үүнийгээ тэд өөрсдөө ч мэддэггүй, мэдсэн ч тоохоо больчихсон. Гол дүр нь л гоё байвал цаад эх сурвалж, объект нь иргэн, өвчтөний эрх ашиг хамаагүй. Ялангуяа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хамгийн эмзэг мэдээллүүд болох эрүүл мэнд, санхүү, захидал харилцаа, гэр бүлийн харилцааны, орон байрны халдашгүй байдал, бусад хуулиар зохицуулагддаг нууцуудыг жишим ч үгүй ил болгодгоос үүнийг харж болно. Хувь хүний нууцыг уландаа гишгэн байж пиар хийнэ гэдэг бол төр засгийнхны суртал ухуулга ямар түвшинд очсоныг, ямар увайгүй болсныг харуулж буй. Үүнд нь хэвлэл мэдээллийн салбар, аливаа асуудлыг шүүмжлэгчид, иргэд, олон нийт өртөж, хохирч байна” гэсэн юм.
М.Мөнхмандах: Эрх баригчид мэдээллийн орчинд хяналтаа бүрэн тогтоохоор улайрч байна
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах “Төрийн байгууллагууд иргэдийг мэдээллээр хангах, ил тод байх үүрэг, хариуцлага хүлээдэг. Энэ агуулгаараа хэвлэлийн ажилтнууд нь бэлтгэсэн мэдээ, контентоо нийлүүлж болно. Харин үүний хажуугаар тодруулах шаардлагатай, нээлттэй бусад мэдээллийг албан тушаалтнууд нь яриа, тодруулга хэлбэрээр өгөх, баримт, үндэслэлээ тайлбарлах зарчмаар ил тод байдлыг хангах ёстой. Төрийн байгууллагууд зөвхөн нэг урсгалаар, өөрсдийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийг хэвлэлийнхэнд дамжуулж буйн цаад зорилго нь цензур тогтоох гэж оролдож буй нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага гадагш ямар мэдээлэл цацах вэ гэдэгтээ бүрэн хяналт тавьж байна гэсэн үг. Энэ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж байна. Тус хуульд ийм цензур тогтоохыг хориглох тухай заалт бий. Түүнчлэн төр засаг Үндсэн хуулиар олгосон иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангадаггүй. Шаардлагатай мэдээллийг хэвлэлийнхэн, сэтгүүлчид авч чадахгүй байгаа нь иргэдийн мэдэх эрхэд халдаж буйн тод жишээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд ч тодорхой мэдээллийг төрийн байгууллагууд өөрсдийн санаачилгаар, тодорхой төрлийн мэдээллийг иргэд, сэтгүүлчдэд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй. Манай улс Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орон. 2013 оноос хойш ийм статустай болсон. Саяхан буюу энэ сарын 5-7-нд Ази, Номхон далайн бүс нутгийн Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орнуудын чуулган болоход төр засгийнхнаас оролцоод ирсэн шүү дээ. Олон улсын Засгийн газруудын өмнө манайх нээлттэй, ил тод байна, иргэдэд мэдээлэл авах бүхий л боломжийг нь бүрдүүлнэ, тэдний оролцоог нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгч, үүрэг хүлээсэн. Даанч энэ үүргээ ч биелүүлдэггүй, үндэсний хэмжээний хууль, дүрмээ ч мөрддөггүй. Эрх баригчид иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний бодлоготой байх ёстой атал эсрэгээрээ худал мэдээлэлтэй тэмцэх алба байгуулна гэх нэрийн дор олон нийтийг улам л хянах, боох, хязгаарлах, мэдээллийн орчинд хяналтаа бүрэн тогтоохоор улайрч байна. Бусад улс оронд худал мэдээлэлтэй тэмцэх алба, нэгж байдаг. Гэхдээ ийм байгууллага нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд ажиллаж, мэдээллийн импортыг хянадаг. Тодруулбал, гаднаас зохион байгуулалттайгаар улс үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц мэдээлэлд л хяналт тавьдаг гэсэн үг. Түүнээс биш, иргэдийн түгээж буй мэдээллийг үнэн, худал болохыг хянадаггүй. Олон нийтийн уур амьсгал өдгөө ямар байгаа билээ. “Тэсрэхэд” бэлэн болчихсон, асар сөрөг хандлагатай байна. Улс төр, УИХ, Засгийн газрын тухай сонсоод л бухимдал, дургүйцэл нь дээд цэгтээ хүрч буй. Ийм байхад төрийн байгууллагууд тавилттай мэдээлэл, зохион байгуулалттай “тролл” ажиллуулж, нийгмийн сэтгэл зүйг удирдах гэж оролддогоо одоо болих хэрэгтэй. Үндсэн ажлаа хийж, мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэг, хариуцлагаа ухамсарламаар байна” гэв.