“НОСК” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Санамж бичгийн хүрээнд 18 нас хүрч, асрамж, халамжийн төвөөс гарч, амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг дэмжиж түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг эхлүүлжээ.
Энэ ажлын хүрээнд 18 нас хүрч асрамж, халамжийн төвөөс гарч буй хоёр залууд орон сууцны батламж гардууллаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Харин нийслэлээс хэрэгжүүлж буй орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Ковид-19” цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдад орон сууцны батламж гардуулсан. Иргэдийн зүгээс урьдчилгаа төлбөргүй, нийгмийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөггүйгээс болж орон сууцтай болох боломж хязгаарлагдмал байдаг. Иймд түрээслээд өмчилдөг хэлбэрээр иргэдээ орон сууцтай болгох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд залуусыг дэмжиж, орон сууцтай болгох, ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Залуучуудыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал. 2018 оны ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан. Үүний тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөр рүү чиглэх ажилд түлхүү анхаарч ажиллах болно” гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрийн байдлаар хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 21 байгууллагын 31 төв үйл ажиллагаа явуулж, нийт 1069 хүүхэд сурч, хүмүүжиж байна. “Асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч ажил, амьдралын гараагаа эхэлж буй хүүхдүүдийг ажлын байртай болгох, цаашлаад орон сууцаар хангахад анхаарч байна. Үүний эхлэл болж хоёр хүүхдэд орон сууцны батламж гардуулан өгч, цаашид олон хүүхдийг хамруулахын төлөө өнөөдөр энэхүү санамж бичгийг байгууллаа” хэмээн “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар хэллээ.
“Өнөр бүл” хүүхдийн төвд өсч, хүмүүжсэн Л.Төрболд “Биднийг дэмжиж, орон сууц өгч байгаад талархаж байна. Маш их баяртай байна” гэсэн бол “Манай гэр” асрамж халамжийн төвд өсч, хүмүүжсэн Б.Батдорж “Бидэнд ийм том боломж өгч байгаа учраас сургуулиа сайн төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ улам хичээж ажиллах болно” хэмээлээ.