2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн бүх шатны боловсролын байгууллагууд нэг ангид суралцах хүүхдийн тоог 20 гэж тогтоожээ.
Танхимын сургалт эхлэх хуваарь:
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14
- Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ.
Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагууд цахим болон теле хэлбэрээр хичээлээ үзэх гэнэ.
БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн "Хэдий цар тахал намжаагүй байгаа ч иргэдийнхээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг УОК, Засгийн газраас гаргалаа. Ингэхдээ танхимын болон танхимын бусаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон.
Хоёр настануудыг энэ жил цэцэрлэгт хамруулахгүй. Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. Харин 5 настангуудыг цэцэрлэгт бүрэн хамруулна" гэлээ.