Улсын онцгой комисс гадаадад гацсан монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Иргэд эх орондоо ирэхдээ тусгаарлах байр, хоол цайныхаа зардлыг өөрсдөө төлөх ёстой гэж журамд заасан. Гэвч зарим иргэд тусгаарлах байрны зардлаа төлөөгүйн улмаас УОК-т 17,9 сая төгрөгийн өр үүсээд байна.
Иймд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр Монгол Улсаас гадаадад суугаа элчин сайд нарт хандан нэгэн албан бичгийг явуулжээ. Тус албан бичигт "тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүй иргэдийг автобусанд суулгахыг хориглож, хэрэв суулгасан тохиолдолд хариуцлага тооцох болно" гэжээ.
Харин түүний энэхүү мэдэгдэлд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь иргэн, аж ахуй нэгжүүдээс УОК-т өгсөн 7,1 тэрбум төгрөгийг иргэдийнхээ тусгаарлах байрны зардалд төлж болно гэж үзжээ.