Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 709 хүний сорьцод шинжилгээ хийхэд 708 хүнд вирус илрээгүй. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ирсэн 39 настай эрэгтэй, Казахстаны иргэнээс коронавирус илрээд байна.
Халдвар илрээгүй шинжилгээг тодруулж хэлбэл, Сөүлээс хоёр нислэгээр ирсэн 455 хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 38 албан хаагчид хийсэн давтан шинжилгээ, идэвхтэй тандалтын зорилгоор 12 хүнээс авсан шинжилгээгээр, ажиглах байран дахь 12 хүний давтан шинжилгээгээр, Орхон аймаг 106 хүний шинжилгээгээр, Дархан-Уул аймагт тусгаарлалтад байгаа 65 хүний шинжилгээгээр халдвар илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочоос шинжилгээ авахад эхэнд хэлсэнчлэн нэг жолоочоос халдвар илэрлээ" гэв.