УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр санал хураалтын хар машиныг хөндлөнгөөс хакердсан байж болзошгүй гэж зарим бие даагч үзжээ. Мөн сонгуулийн 19 болон 20-р тойрогт бие даан нэр дэвшигчдийн саналын тоо дундаа таслалттай байсан нь сонгууль шударга болсон эсэхэд тэднийг эргэлзэхэд хүргэжээ.
Иймд бие даагчид МАН–ын дарга У.Хүрэлсүхийг шударга өрсөлдөж, дахин санал хураалт явуулахыг шаардаж мэдээлэл хийлээ.
СХД-ийн 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун “Энэ сонгууль будлиантай гэдгийг батлах хоёр том факт байна. Нэгдүгээрт, бие даан нэр дэвшсэн хүмүүсийн саналын тоо дундуураа таслалтайгаар гарч ирсэн. Хоёрдугаарт, нэг айлын хаяг дээр 2-3 огт танихгүй хүний нэр бүртгэлтэй байна гэсэн гомдол ирсэн.
Мөн нэг сонирхолтой зүйл нь сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар нэгтгэж байх үед МАН-аас нэр дэвшсэн Н.Учрал эхний таван хэсгийн хорооноос 13,300 хүний санал цуглуулсан байв. Сонгинохайрхан дүүрэг 59 хэсгийн хороотой бөгөөд нийт 111 мянган сонгогчтой. Өөрөөр хэлбэл, нэг хэсгийн хороон дээр дунджаар 1800 сонгогч бүртгүүлсэн гэсэн үг. Эхний таван хэсгийн хорооны нийт сонгогчид Н.Учралд саналаа өглөө гэж бодоход саналын тоо 9000 гарах ёстой. Гэтэл энэ тоо 9000 биш, 13300 байгаа нь хар машинд яах аргагүй будлиан үүссэн байгааг харуулж байна” гэв.
БГД-ийн 26-р тойрогт нэр дэвшсэн Ч.Энхзаяа “Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа анхнаасаа шударга бус явагдсан. Танилцуулга тарааж байх үед айлын хаалга тогшиж болохгүй гэсэн журамтай. Гэтэл зарим ухуулагч айлын хаалга тогшиж, иргэдээс регистрийн дугаарыг нь авсан гэх сураг сонсогдсон. Мөн биднийг материалаа гялгар уутанд хийгээд айлын хаалганы үүдэнд өлгөөд явж байх үед бидний араас материалуудыг маань хураагаад явж байсан.
Тэгэхээр бие даан нэр дэвшигчид луйвардуулсан гэхээсээ илүүтэй ард түмэн, сонгогчид луйвардуулсан гэж үзэж байна. Иймд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна” хэмээлээ.
СБД-ийн 24-р тойрогт нэр дэвшигч А.Саруул “Фэйсбүүкийн чатаар маш олон зөрчлийн мэдээллүүд ирж байгаа. Мөн би хэд хэдэн мэдээллийг баримтжуулан цуглууллаа. Тухайлбал, сонгуулийн хар машиныг хакердах зорилгоор 2016 онд МАН-ын нэг залуу ОХУ-аас хакер авчирсан. Тэд энэ сонгуульд "МАН ялах нь тодорхой" гэж ярьж байсан. Тиймээс энэ сонгуулийг хүчингүйд тооцож, дахин санал хураалт эхлүүлэх нь зөв гэж үзэж байна” гэлээ.