УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ын 62, АН-ын 11, бие даан нэр дэвшигч 1, Та бидний эвслээс 1, Зөв хүн электорат эвслээс 1 нэр дэвшигч ялалт байгуулаад байгаа билээ.
Удахгүй албан ёсны дүн мэдээ танилцуулагдаж, 2020-2024 онд төр барих парламентын гишүүдийн нэрс зарлагдана. Ямартай ч МАН 64 суудал авч, дахин засаг барихаар болж байна. Харин өчигдөр оройны урьдчилсан дүн мэдээнд үндэслэж, сонгогчдоос хамгийн өндөр санал авсан таван нэр дэвшигчийг онцлон танилцуулж байна.
НЭГ. Н.УЧРАЛ – 53651 САНАЛ
Сонгинохайрхан дүүрэг, 28-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Учрал нийт нэр дэвшигчдээс хамгийн өндөр буюу 53651 санал авч, УИХ-ын гишүүнээр улиран сонгогдлоо. Түүний өрсөлдсөн гурван мандаттай тойрогт намынх нь нэр дэвшигчид буюу Д.Анужин, Д.Сумьяабазар мөн ялалт байгуулсан.
ХОЁР. Х.ГАНХУЯГ – 50073 САНАЛ
Харин 50073 саналаар Баянгол дүүрэг, 26-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Х.Ганхуяг хоёрдугаар байрт жагсаж байна. Тэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, АН-аас нэр дэвшсэн тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарын хамт тус тойрогт ялалт байгууллаа.
ГУРАВ. Ж.ГАНБААТАР – 48624 САНАЛ
УИХ-ын сонгуулийн 26-р тойрог Баянгол дүүргээс нэр дэвшигч Ж.Ганбаатар өндөр саналаар гарч ирсэн хүмүүсийн гуравдугаарт бичигдэж байна. Тэрбээр эл тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Ганхуягийн дараа бичигдэж байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа Баянголчуудын итгэлийг хүлээн сонгогдож байна.
ДӨРӨВ. Ж.ЧИНБҮРЭН – 41004 САНАЛ
УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар тэргүүлсэн. Хэсгийн байруудаас саналууд 100 хувь нэгтгэгдсэнээр эл тойргоос Ж.Чинбүрэн 41004 хүний саналаар тойрогтоо нэгээр гарч ирсэн юм. Ийн гурван мандаттай тус тойрогт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.
ТАВ. Г.АМАРТҮВШИН – 37476 САНАЛ
Энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Зөв хүн электорат” эвслээс эдийн засагч Т.Доржханд нар хамгийн олон санал авч, сонгогдлоо. Г.Амартүвшин 37476 хүний санал авч, тойрогтоо нэгээр жагссан. Ийнхүү Д.Сарангэрэл сайд дахин, Г.Амартүвшин, Т.Доржханд нар анх удаа төр түшихээр болов.